
Монголд Солонгосоор овоглосон бүх зүйл “од” болно. Бас монголчууд солонгосчуудыг танигдахгүй болтлоо дуурайна. Гэсэн хэдий ч солонгос хоолны газар зочид буудал үйлчилгээний төвүүд л хамгийн сайн гэсэн ойлголттой болжээ. Тиймээс бид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Солонгос эзэдтэй зочид буудал, рестораны үйл ажиллагаа монголчуудын төлөөлөлтэй хэр нийцэж байгааг сурвалжилсан юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод хамгийн их дэн буудалтай дүүргээр Баянзүрх дүүрэг тодорч байжээ. Тус дүүрэг өнгөрсөн оны эцсээр 71 дэн буудалтай байсан бол энэ онд 40 болтлоо буурсан аж. Гэтэл энэ онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас явуулсан судалгаагаар бусад дүүргээс амьжиргааны түвшин доогуурт ордог гэх Сонгинохайрхан дүүрэгт 51 дэн буудал бүртгэгдсэн байна. Харин одны зэрэглэлтэй зочид буудал Баянгол дүүрэгт 90, Чингэлтэй дүүрэгт 26 тоологдож үйл ажиллагаагаа явуулж байгаа бол захын дүүргүүдэд энэ тоо харьцангуй бага байгаа юм. Тухайлбал Багануур, Найлайх дүүрэгт тус бүр тав байна. Солонгос эзэнтэй, тус улсын хөрөнгө оруулалттай Зочид буудал, рестораны бүртгэл, үйл ажиллагааны талаар тусгайлан гаргасан тоо баримт холбогдох газрууд болох Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэгт байдаггүй аж. Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл “Бидэнд нэгдсэн тооцоо судалгаа байхгүй ч одны зэрэглэлтэй Солонгосын хөрөнгө оруулалттай долоогоос найман зочид буудал байгаа гэсэн тооцоо бий. Солонгос бизнес эрхлэгчид маш өндөр шалгуур, шаардлагатай. Заавал мэргэжлийн ажилчид авч ажиллуулдаг. Манайд тэдний менежмент их хэрэгтэй” гэсэн юм. Солонгосчуудын байгуулсан тэдгээр зочид буудал, ресторанууд зарим талаараа шинэ ажлын байр бий болгох, өнгө үзэмж нэмэх гээд хотын хөгжилд сайнаар нөлөөлөх нь бий. Улаанбаатар хотод Сүнжин групп компанийн Сүнжин гранд, гурван одтой “МИКА”, “Монинг”, “Хан” хотел, Рамада гээд томоохон зочид буудлууд байх аж. Мөн эдний хажуугаар Солонгос нэрээр овоглосон олон ресторан, хоолны газрууд бий болсон.
Бид эхлээд хотын төвөөр “Кorean restaurant” гэх хаягтай нэлээд хэдэн зоогийн газар, зарим зочид буудлаар орсон юм. Хотын гудмаар латин үсэг, монгол хэлний үг нь дуусчихсан юм шиг харь хэлний үгээр гоёмсог гэгчийн чимэглэсэн хаяг реклам өрөөстэй. Төмөр замын 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын урд байрлах 50 эргэм насны /эмэгтэй/ Солонгос эзэнтэй нэг давхар CHUN CHON хэмээх хоолны газар, мөн Сүхбаатар дүүргийн “Ард” кино театрын зүүн хойно байрлах Ким Гён ёл хэмээх эзэнтэй Ким Ду Хан, Эрүүл мэндийн яамны өмнө байрлах Springs зочид буудлын хоёр давхарт түрээсээр үйл ажиллагаа явуулдаг гэх ресторанаар оров. Гаднаас орсон хүнд цэвэрхэн, тохилог сайхан харагдах аж. Гэвч тэдний гал тогооны цаана ямар дүр зураг өрнөдгийг хэн ч үл мэднэ. Бид эхлээд “Strings”-ын хоёр давхарт түрээсээр байрладаг Солонгос ресторанд ороход доторх байдал нь манайхны жирийн нэг цайны газраас онц ялгагдахааргүй харагдана. Хүн асуунгаа гал тогооны хэсгээр нь хартал ажилчдынх нь хувцас өлгөсөн, шалныхаа зарим хэсэгт задгай амтай саванд хоолны хэрэглэлээ хийсэн үзэгдэнэ. Мөн доторх байдал нь замбраа муутай ажээ. Эдний ажилчдын ихэнх нь 20 орчим насны монгол бүсгүйчүүд байх аж. Тэдэн дунд Солонгосоор ярьдаг хүн байхыг ер олж харсангүй.
Гадна ханых нь шавар халцарч унасан саарал байшинд Ким Ду Хан хэмээх хоолны газар байрладаг. Хоол нь 6-25 мянган төгрөгийн үнэтэй. Менежрээс нь түүхий эдээ хаанаас авдаг талаар асуухад шуудхан “зах”-аас хэмээж байв. Энэ далимд гал тогооных нь хэсгийг хартал мөн л замбараагүй, шалан дээр хоолны саваа байрлуулжээ. Солонгос хоолны газар ажиллаж байсан нэгэн танил маань “тэдний хоолны жор, олон жижиг тавагт хоолоо хувааж хийдгээс биш нэг их цэвэр энэ тэр гээд ярихад хэцүүхэн. Ядаж нэг усанд аяга тавгаа угаадаг” гэж байсан. Үнэндээ ч хүний хөлний хажууд нэг усаар угаадаг тавганд ямар нян бактер байх нь ойлгомжтой. Ресторануудын байдлаас товчхон дурдахад ийм. Харин өнөөх одны зэрэглэлтэй гэх Солонгосын томоохон зочид буудлуудаар биеэ үнэлдэг монгол бүсгүйчүүд байрладаг гэнэ. Өнгөрсөн онд л гэхэд “Сүнжин гранд” зочид буудалд биеэ үнэлдэг байсан 20 гаруй насны арван монгол охиныг цагдаагийн газраас илрүүлсэн. Одоо ч гэсэн солонгос эзэнтэй гэх буудлуудад үйлчлэгч маягаар ажилладаг биеэ үнэлэгчид байдаг аж. Нийслэлийн цагдаагийн газрынхан “Солонгос зочид буудал, ресторануудаар нэг их хэрэг зөрчил гараад байдаггүй” хэмээж байсан. Гэвч зарим нэгэн иргэн тэдгээр буудлаар нүднээс далд нэлээд зүйл болдгийг хэлж байсан юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран энэ оны зургаадугаар сараас эхэлж Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг буудлуудаар шалгалт хийжээ. Гэвч одоогоор шалгалтын нэгдсэн дүн эцэслэн гараагүй учраас тэд мэдээлэл өгөх боломжгүй гэж байлаа. Дээр дурдсан хоолны газрууд шалгалтаар тааруухан дүн авсан гэж байв.
"Улс төрийн тойм" сонин
