Австри улсаас 40 сая еврогийн зээл авахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Австри улсаас 40 сая еврогийн зээл авахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцээд, дэмжлээ.

Монгол Улсын хувьд Австри улсаас хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлтийг 1991 оноос хойш тавьж ирсэн байна. Харин өнгөрсөн онд Австрийн тал Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг авч үзэн, хоёр жилийн хугацаатай 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл үзүүлэхээр болжээ. Зээлийн хүү 0.4 хувь. Хоёр талын эхний хэлэлцээрээр зээлийг эхний ээлжинд эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Ингэхдээ эрүүл мэндийн салбарт зарцуулах зээлийн хэлэлцээр нэлээд нааштай болжээ. Тодруулж хэлбэл, Хавдар судлалын үндэсний төвд дөрвөн төрлийн иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулахад энэхүү зээлийн 10 сая евро нь зарцуулагдана. Одоогоор Хавдар судлалын үндэсний төв нь хоёр өргөтгөлийн барилгыг барьж байгаа. Тус өргөтгөлүүдийг ашиглалтад хүлээлгэж өгөнгүүт цацрагийн болон туяа эмчилгээ хийх зориулалтаар авах дээрх дөрвөн төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулж, ажиллагаанд оруулна. Монгол Улсын хүн амын дунд хавдрын өвчлөл өндөр байгаа тул яаралтай энэ чиглэлээр эмчилгээ үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн ажлын нэг болохыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар онцоллоо. Харин хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Эрүүл мэндийн салбарт тэр дундаа Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах талд зээлийг зарцуулахаар төлөвлөснийг дэмжиж байна. Гэвч дэд бүтцийн салбар дотроо юу, юуг дэмжихэд зориулж хэдий хэмжээний зээлийг олгох вэ гэдэг тодорхойгүй байгааг тодруулах шаардлага байна” гэсэн юм. Сангийн сайдын хариултаас үзвэл Монгол Улсын Засгийн газар нь эхний ээлжинд Австри улстай зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. УИХ-аар энэхүү зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа Засгийн газрын төвшинд Австри улстай дахин хэлэлцээр хийж, нарийвчлах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж