УИХ-аас баталсан энэ оны төсвөөр Өвөрхангай аймаг гар аргаар алт олборлогчдоос 5.1 тэрбум төгрөгийн орлого олж нутгийн удирдлагын байгууллагуудаа санхүүжүүлэх ёстой байв. Уянга суманд гар аргаар алт олборлогсод цөөрснөөр тийм их орлого оруулчих боломж нэгэнт байхгүй болсон тул аймаг, сумдын нутгийн захиргааны байгууллагуудын төсөв хүндэрч Сангийн яамнаас зээл авч аргацааж байв.
Саяхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаараа УИХ-аас баталсан төсвийн тодотголын дагуу аймгийнхаа 2011 оны төсвийг тодотголоо. Тодотголоор аймгийн 2011 оны орлогын хэмжээг 483821.1 мянган төгрөгөөр, төсвийн нийт зарлагыг 907868.9 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ. Аймгийн төсвөөс сумдын төсөвт нийт 3.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.
А.Зул