
Улаан тэнгист аялж явсан “Пелла” онгоцонд энэ сарын 3-ны өдөр гал гарч, сууж явсан 1200 гаруй хүнийг өөр онгоцонд шилжүүлсэн талаар манай сайт мэдээлж байсан билээ. Тэрхүү онгоц өчигдөр өглөө Иорданы Акаба боомтын ойролцоо задгай далайд живсэн байна. Өмнө нь хөлөг онгоцыг эзэмшигч Arab Bridge Maritime компанийн төлөөлөгч гал түймэр онгоцонд аюул учруулж чадахгүй, тийм болохоор живэх аюул байхгүй гэж мэдэгдэж байсан. Харин одоо тус компанийн зүгээс живсэн онгоц нь тус бүс нутгаар аялах бусад онгоцонд аюул учруулахгүй гэсэн мэдэгдлийг хэвлэлээр дамжуулж хийсэн байгаа. Гэхдээ Иордан, Египет улсууд живсэн хөлөг байгаль орчинд хор хохирол учруулах вий гэдэгт санаа зовж байгаа юм. Гал гарах үед онгоцонд 85 тонн шатахуун байсан гэдэг нь тодорхой болоод байгаа билээ.
Х.Сайханhttp://www.mminfo.mn/