Хүүхдүүд алга болсоор л

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд алга болсоор л

Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхдүүдийг хулгайлсан гэх сэтгэл сэрт­хийлгэсэн мэдээллүүд цацагд­сан билээ.

Өнгөрсөн бямба гарагт Сонги­нохайрхан дүүргийн IV хороо буюу “Орбит” ор­чимд амьдардаг нэгэн эх найман настай охин нь алга болсон тухай дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст мэдэгджээ. “Гэхдээ тухайн иргэн хүүхдээ алга болсноос гурав хоногийн дараа цагдаад хандсан байсан” хэмээн цагдаагийнхан хэлж байна. Сонгинохайрхан дүүр­гийн цагдаагийнхан өнгөрсөн бямба гарагт хүүхдийг нь олсон бөгөөд хулгайлагдсан гэг­дэх хүүхэд танихгүй хүмүүс намайг “Гэртээ байл­гаж зодож, дарамталж бай­сан” гэсэн байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст сэжигт­нүүдээс байцаалт авч байгаа аж. Тэд “Бид хүүхэд хул­гайлаагүй. Манай  хүүх­дүүдтэй тоглож байгаад л гэрт ороод ирсэн байсан” гэх утгатай мэдүүлэг өгч байгаа гэнэ.

Дээрх хэргээс гадна тус дүүрэгт дахин нэг хүү­хэд алга болсон байна. Сон­гинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуулийн дөрөв­дүгээр ангийн сурагч О.Сай­хан­цэцэг өнгөрсөн баа­сан га­рагт гэрээсээ гараад су­раггүй болжээ. Тиймээс 83 дугаар дунд сур­гуулиар орж, сургуулийнх нь удирдлага болон анги удирд­сан багштай нь уулзсан юм.

Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургуулийн урдхан талд “Хархорин” зах, баруун талд нь ядуусыг хооллодог шашны байгууллага байдаг учир  тус сургууль тэр хавийн “өвгөнт”-ийнхний дамжин өнгөрөх цэг болох шахдаг аж. Сургууль хойд талаараа дэнж гэж нэрлэгдэх гэр хорооллоос машин замаар зааглагддаг ч бараг л “хил” залгаа оршдог юм билээ. “Хүүхдүүд зам гарахдаа бэртчих гээд байдаг учир манай сургуулийн багш нар ээлж, ээлжээрээ анхааруулах самбар барьж зогсдог” хэмээн тус сургуулийн захирал Ж.Мөнхбаяр хэлж байсан юм.

О.Сайханцэцэгийн анги удирдсан багш Б.Тогтохоос цөөн асуултад хариулт авлаа.   

    
-Танай ангийн сурагч алга болсон байна. Энэ талаар хэзээ мэдсэн бэ?

-Энэ хүүхэд манай ангид Хэнтий аймгаас энэ хичээлийн жилийн есдүгээр сард шилжиж ирсэн. Бүтэн өнчин хүүхэд байгаа юм. Асран хамгаалагч нь өнгөрсөн баасан гарагт 22.00 цагийн орчим над руу утасдаж  “Хүүхэд гэртээ ирсэнгүй гэж хэлсэн” тэр үед л мэдсэн. Маргааш нь утсаар ярихад “Ирээгүй байна. Аягүй бол ангийнхаа хүүхдийнд байгаа байх” гэсэн. Гэтэл өнөөдөр манай ангийн Цэрэндолгор гэдэг хүүхэд л өвчтэй гээд ирээгүй. Бусад нь бүгд ирсэн. Цэрэндолгорынхоос асуухад байхгүй гэсэн. Сая асран хамгаалагчтай нь ярихад “Их нялхсын эрдэм шинжилгээний төв дээр бага хүүхдээ үзүүлэх гээд байж байна” гэсэн. Ирэхээр нь цагдаагийн газар руу явах гээд хүлээж байна.

-Энэ хүүхэд ер нь гэрээсээ ингэж явдаг юм уу. Ар гэрийнх нь уур амьсгал ямархуу юм бол оо?

-Уг нь их сэргэлэн, цовоо хүүхэд. Одоо болох гэж байгаа урлагын үзлэгт гоцлол дуу дуулах гээд бэлдэж байсан юм. Сурлагадаа ч гайгүй. Тийм болохоор нь ар гэрийнх нь уур амьсгал гайгүй байх гэж боддог байсан. Асран хамгаалагчийнх нь нөхөр нь “Ганц худаг”-т хоригдож байгаа гэсэн. Асран хамгаалагч эмэгтэй нь энүүхэн урд байдаг хятад үйлдвэрт ажиллаж байгаад саяхан ажлаасаа гарсан юм билээ. Эгч нь, эгчийнх нь нөхөр гээд хоёр хүн ирээд сурлагадаа хэр байгааг нь асууж, сураглаад явдаг. Өөрөө ч надад гэрийнхнийхээ талаар онцын юм ярьдаггүй байсан. Гэтэл өнөөдөр ангийнхан нь “Хойд ээж нь зоддог учир дургүй. Төрсөн ээж дээрээ очно гэж ярьдаг байсан” гэж байх юм хэмээсэн юм.

2200 орчим сурагчтай тус сургуулийн ихэнх сурагч нь гэр хорооллынх аж. Дэнж даваад олон километр явж байж сургуульдаа ирдэг тухайгаа сургуулийн сурагчид хэлж байсан. Сураггүй алга болсон О.Сайханцэцэг ч тэдний нэгэн адил нэлээд холоос сургуульдаа явдаг байжээ.  Анги удирдсан баг­шаас нь гэрийнх нь хаяг, холбоо барих утасны дугаарыг  авч гэрт нь очихоор явлаа. Сургуулиас нь гараад гурав, дөрөв орчим километр бартаатай замаар явсны эцэст гэрт нь хүрсэн юм. Бараг л уулын бэлд шахуу энэ газарт хүрэх замд ёлтойх гэрэл байхгүй ажээ.

Тэднийх нэгэн суваргатай уулын бэлд байдаг аж. Биднийг ирж байгаа сургаар О.Сайханцэцэгийн эгч гэгдэх Э.Оюунцэцэг давхар биетэй атлаа хүүхдээ тэвэрчихсэн тосож ирлээ. Гэр, байшин зэрэгцэн орших хашааны гэрт нь эднийх байдаг аж. Гэрт ороход хойморт байсан зураг нүдэнд тусав. Энэхүү зураг дээр О.Сайханцэцэг бололтой нэгэн сэргэлэн хүүхэд гэрийнхнийхээ дунд инээмсэглэн зогссон байсан юм. Тэд энэ зургыг энэ жилийн наадмаар авахуулсан аж. “Дүүргийн цагдаагаас хүүхдийнхээ зургыг авч ир гэхэд нь ээж энэ зурагны нэгийг аваад явсан” хэмээн эгч нь хэлсэн юм.

Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
    
-Цагдаагийнхан ямар нэгэн зүйл мэдэгдээгүй юу?

-Одоо болтол таг байна. Өнгөрсөн баасан гарагт ирэхгүй болохоор нь 102-т дуудлага өгсөн. Буцааж асуухаар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа л гэсэн хариу өгч байгаа. Дүүргийн цагдаагийн хэлтсээс ч гэсэн ямар нэгэн мэдээлэл өгсөн зүйл алга.

-Ангийнхаа хүүхдүүдэд гэрийн­хэн нь их зоддог гэж ярьсан байна билээ. Урьд нь ингэж явдаг байсан уу?

-Бид нар зодож, нүдээд байдаг­гүй. Энэ хүүхэд манай ээжтэй сүүлд суусан хүний эгчийнх нь хүүхэд байгаа юм. Эмээ Оюун нь өсгөж байсан ч дөрвөн жилийн өмнө нас барж, энэ хүүхдийг харж хандах хүнгүй болсон учир бараг гудамжинд хоног төөрүүлж байсан юм билээ. Тэгээд манайх үрчилж авсан юм. Сарын өмнө нэг хоногоор алга болсон. Тэр үед ангийнхаа хүүхдийнд байсан юм билээ. Тэр үед л нэг гар хүрсэн байх. Бид аль болох л сайхан ханддаг.

-Төрсөн ээжтэйгээ холбоотой байдаг юм шиг байна билээ?

-Сарын өмнө алга болохдоо ээжтэйгээ утсаар ярьсан байсан. Тэр үед л холбоотойг нь бид мэдсэн. Ээжийг нь Хулан гэдэг. Баянхошуунд амьдардаг юм. Тэнд ч очоогүй байгаа юм. Бид үнэхээр санаа зовоод байж байна хэмээн нулимс дуслуулан байж хэлсэн юм.

Урд нь хонож байсан ангийнх нь хүүхдийн ээж  нь Өмнөд Солонгост ажил хийдэг эгч нартайгаа байгаа учир тэднийд байж магадгүй гэсэн учир тэднийхтэй  утсаар холбогдсон юм. Эмээ нь гэгдэх хөгшин “Би хүний хүүхдийг хоёр гурван хоног гэртээ байлгадаг тийм хүн биш. Багш нь ч, гэрийнхэн нь ч итгэхгүй байн байн утасдаад байх юм. Итгэхгүй бол ирээд үз” хэмээн нэлээд ууртайхан хэлээд утсаа тасаллаа. О.Сайханцэцэгийн  асран хамгаалагч Энхтуяатай утсаар холбогдоход хоолой зангируулан байж “Би энэ хүүхдийг өдий болтол нь өсгөж байхад хүний сэтгэл санаа зовоогоод ингээд явж байна. Би энд шар махтайгаа хатаад хайгаад явж байна. Одоо аавыг нь Ганцхудагт эргэх гээд явж байна. Өнөө маргаашгүй гарах юм. Төрсөн эх нь ирээгүй гээд байгаа ч нуугаад байж магад” хэмээн утасных нь дугаарыг өгсөн юм. Охины төрсөн ээж гэгдэх н.Хулантай утсаар холбогдоход “Би нөхөртэйгөө айлд байна. Ирсэн бол ирсэн гээд хэлэлгүй яах вэ дээ. Тэгээд ч би тэр хүүхэдтэй холбоо бариагүй удаж байна” хэмээсэн юм. Харин Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн “Энэхүү мэдээллийн мөрөөр эрэн сурвалжилж байгаа” гэсэн бөгөөд өөр ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юм. Гэтэл яг тус дүүргийн тус сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчийг мөчилж алсан байжээ гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан билээ.

Үүнтэй зэрэгцээд Налайх дүүрэгт мөн л дөрөвдүгээр ангийн эмэгтэй хүүхэд сураггүй алга болсон талаарх мэдээллийг тус дүүргийн телевизээр цацаж эхэлсэн байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж