
“Говь гэмээн говь билээ Говь заримдаа хуурсан тариа шиг үсчин байдаг” гэж нэгэн цагт шүлэглэж байсан бол өнөөдөр үнэхээр Өмнөговь аймаг бүтээн байгуулалтаар буцалж байна. Улсын төсөвт 68 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд өөрсдөө төсвөө бүрдүүлэн бүтээн байгуулалт хийж байгаа, иргэддээ нутгийн хишиг тарааж, Оюутолгой, Тавантолгойн ханган нийлүүлэлтэд чиглэсэн жижиг дунд үйлдвэр хөгжиж байгаа гээд тоочоод байвал Өмнөговьд ойрын гурван жилд асар их өөрчлөлт гарчээ. Аль ч аймагт байхгүй, цаашилбал Улаанбаатарт байхгүй гээд хэлчихэж болох нэг зүйл жишээ татахад гэр хорооллын дунд 5.1 км хар зам тавиад гэрэлтүүлэг тавьчихаж. Иргэд нь үүнд ам сайтай байна. Шинэ маягийн хөгжлийн төлөвдөө тохируулан орон нутгийн удирдлага сумдаараа гурван удаа явж, иргэдээр хэлэлцүүлэн 2020 он хүртэлх “Уул уурхай-Сайн засаглал-Хөгжсөн Өмнөговь” хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байгаа аж. Энэхүү хөтөлбөр нь уул уурхайн хөгжлийн үед гарч болох саад бэрхшээлийг хэрхэн даван туулж, уламжлалт мал аж ахуй аялал жуулчлалаа хадгалан, иргэн хүнийхээ хөгжилд хувь нэмэр оруулж болох бүхий л асуудлыг цогцоор нь тусгасан байна. Наад зах нь уул уурхайн компани руу очиж ажиллаад гэр бүл салалт бий болгохгүйн тулд Шинэ Даланзадгад хотын төлөвлөлтийг шинээр хийж, Даланзадгаддаа амьдраад уурхайд ажилладаг байх нөхцөл бүрдүүлэхийн тулд эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байр нэмэгдүүлэх, Тавантолгой, Даланзадгад хооронд хурдны зам тавих зорилт тавиад байгаа аж. Шинэ Даланзадгадын эхлэл болгож, усан бассейнтэй, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах спорт цогцолбор барьж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, инженерийн шугам сүлжээг нь шийдсэн газарт барилга бариулж, хямд үнэтэй орон сууц босгож байгаа аж. Үүний нэг жишээ зах зээлийн үнээс хямдаар багш, эмч нарт зориулсан 100 айлын орон сууц босгосон байна. 80 жилийнхээ ойгоор 80 бүтээлч ажлыг төлөвлөж хийсэн нь иргэдийн хүсэлтээр хийгдсэн ажлууд аж. Мөн Оюутолгойн бизнес хөгжлийн төв Оюутолгойд шаардлагатай зүйлсийг зарлаж, энэ чиглэлээр юм хийх хүмүүст хэрэгтэй сургалтыг нь зохион байгуулж ажилладаг болсноос хойш Оюутолгойн ханган нийлүүлэлтийн жижиг дунд үйлдвэр, иргэний өрхийн аж ахуй олноороо нэмэгдэж байгаа юм байна. Ялангуяа оёдлын үйлдвэр ихээр нэмэгдэх болжээ. Зөвхөн Оюутолгойн ханган нийлүүлэлтэд 169 аж ахуйн нэгж ажиллаж, өнөөдрийн байдлаар 3 тэрбум орчимын нийлүүлэлт хийгээд байгаа аж. Гэхдээ тэд ихэвчлэн 2 ээлжээр, захиалгаа даахгүй шахам ажиллаж байна. Тийм ч болохоор Өмнөговь аймагт иргэн хүн ажил, орлогоо нэмэгдүүлэх дэд бүтэц бий болж байгаа төдийгүй хангалттай эрэлт бий болж байгааг “Ажилтай орлоготой монгол хүн” хэлэлцүүлгээр иргэд хөндөж байлаа. Харин энд саад бэрхшээлтэй байгаа нэг зүйл нь цахилгааны саатал аж. Жилээс жилд жижиг дунд үйлдвэрлэл, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч, цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа. Даланзадгадын цахилгаан станц төрийн өмчит газар. ЭБЭХЯ, СЯ, ТӨХ-ны мэдэлд байдаг боловч тэндээс шаардлагатай засвар үйлчилгээ хийх хөрөнгийг нь бүрэн шийддэггүй, үүний улмаас амиа аргацаасан байдлаар станц үйл ажиллагаа явуулж, тасалдах явдал их байжээ. Арга буюу нутгийн удирдлагын зүгээс энэ жил 3.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 3 мегаваттын хүчин чадалтай станц барьж өргөтгөл хийж байгаа юм байна. Ингэснээр нийт 9 мегаваттын хүчин чадалтай станц энэ өвөл боломжийн ажиллах болов уу гэсэн хүлээлттэй байгаа ажээ.
Монгол Улсын хоёр ч том стратегийн орд Өмнөговьд байрладаг, хамгийн түрүүнд үйл ажиллагаа нь эхэлж байгаагийн хувьд алдаа, оноо бий. Сөрөг нөлөөллүүд ч цөөнгүй. Наад зах нь тоосжилтын хор уршиг их байгаа аж. Оюутолгойн 60 км радиуст тоосжилт үүсдэг, усны түвшин доошилж байгаа, хүн амын механик шилжилт хөдөлгөөн ихэссэнээс төрийн үйлчилгээ зарим газар хүртээмжгүй болсон, цэцэрлэг, сургуулийн багтаамж зарим газарт хүрэлцэхгүй, заримд нь анги дүүргэлтгүй болсон гээд Өмнөговьд аль ч аймагт байдгаас илүүтэй шинэ хөгжлийн шинэ асуудлууд үүсч эхэлжээ. Энэ бүхнийг “Эрүүл чийрэг”, “Аюулгүй орчинтой” , “Эрдэм боловсролтой” монгол хүн хэлэлцүүлгүүдээр иргэд хөндөж байсан. Түүнчлэн Оюутолгой гэж томоохон орд газрыг ашиглаж байгаагийн хувьд хажууд нь том төлөвлөлтөөр хот байгуулалт хийгдэх ёстой болохоос биш хуарангийн зохион байгуулалтаар хэдэн гэр барьж үйл ажиллагаа явуулж байгаад алга болж болохгүй, Оюутолгойн дизайнаар хот босох ёсгүй, орон нутаг нь төлөвлөлтөө нэгдсэн байдлаар шийдэх ёстой гэж иргэд үзэж байна. Өнөөдрийн байдлаар Оюутолгойд л гэхэд хуарангийн зохион байгуулалтаар амьдардаг учраас гэр бүлийн хоёр хүн тэнд ажилласан ч тусдаа амьдардаг аж. Энэ бүхэн нь ирээдүйд Өмнөговь аймагт хүн амьдрах уу, үгүй юу гэж асуухад хүргэж байгаа юм. Гэхдээ эдгээр асуудлыг дээрээс дарга нар, Засгийн газар, яам, агентлагууд мэдэхгүй. Харин орон нутгийн удирдлага газар дээр нь ямар асуудал байгааг мэдэж байгаа. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг цаг тухайд нь шийдвэрлэх зүйлийг шийддэг болгоход чиглүүлж нэмэгдүүлэх хэрэгтэй, хүнд ойр шийдвэр гаргах болохоор дээрх яамдыг 2-3 жил хүлээх болдог, тэр төлөвлөлт нь Өмнөговь шиг хурдтай хөгжиж буй аймагт таардаггүй гэж шүүмжилж байна. Тухайлбал уул уурхайтай газарт төрийн байгууллага бүр уул уурхайн компаниас мөнгө авах сонирхолтой байдаг нь худлаа биш. Энэ хэрээрээ ч өнгөрсөн хугацаанд уул уурхайн авлига хээл хахуулийн асуудал хөндөгдөж ирсэн. Өмнөговийн удирдлага энэхүү авлигыг байхгүй болгох зорилгоор “Хөгжил хөрөнгө оруулалтын сан” байгуулж, байгууллага бүх компаниас мөнгө авах бус, ганцхан сангаар шаардлагатай мөнгийг нь авч байх зохицуулалт хийх сонирхолтой байгаа аж. Гэвч одоогоор Монгол Улсад ийм хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Түүнчлэн уул уурхайн компаниуд, тэр дундаа стратегийн том ордууд дээр ажиллаж буй гадны компаниуд ихэвчлэн өндөр цалинтай, өндөр ур чадвартай, дэлхийн хэмжээний өрсөлдөх чадвартай хүмүүсийг авч ирж ажиллуулж буй. Түүнд нь хяналт тавих төрийн байгууллагын мэргэжилтэн түүнээс илүү мэдлэг чадвартай байх шаардлага Өмнөговь аймагт тулгарч байна. Бүр төрийн байгууллагад уул уурхайн мэргэжилтэн бий болгох шаардлагатай байгаа аж. Гэвч мөн л хууль эрх зүйн хувьд бүх аймагтай адил статустай байх ёстой стандарт нь энэ бүхэнд саад болдог байна. Ганц хоёр жишээ татахад л Өмнөговийн хөгжил Монгол Улсын хаахна явна вэ гэдгийг ийнхүү харж болохоор байгаа юм. Тиймээс түүнд нь тохирсон менежментийг орон нутгийн удирдлагаар хийлгэх эрх мэдэл олгож, нутгийн онцлогтой зохицуулалт шаардлагатай байгаад Өмнөговь бодит жишээ болж байна.
“Сайн засаглал” бий болгож, Ардчилсан удирдлага юу хийж болдгийг харуулахыг зорьсон гэж Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа нэгэнтээ ярилцлагадаа дурдсан. Тэр бодлогоороо шинэ зүйл цөөнгүй нэвтрүүлжээ. “Эрх чөлөөтэй монгол хүн” хэлэлцүүлгийн үеэр олон асуудлыг иргэд хөндөж байсны дотор иргэний нийгмийн байгууллагаар мониторинг хийлгэсэн явдал анхаарал татсан юм. Төр дангаараа ажиллах бус, иргэний нийгмийн байгууллага хяналтын ажлыг хийж байгаа нь төрийн ажил бодитой, үр дүнтэй байх нэг үндсийг бүрдүүлжээ. Түүнчлэн иргэний танхим байгуулан ажиллаж, түүгээрээ дамжуулан иргэдээс санал авдаг аж. Тухайлбал явган хүний зам барих санал иргэдээс олон гарч, тэр чиглэлийн бүтээн байгуулалтыг орон нутгийн удирдлагын зүгээс хийсэн байна.
Г.Дарь