Халдварт шар өвчтэй бага насны хүүхдийн тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдэж байгааг ХӨСҮТ мэдээлж байна. Одоогийн байдлаар Халдвартын эмнэлэгт 614 хүүхэд эмчлүүлж, тэднийг 300 гаруй хүн сахиж байгаа аж. Нийт өвчлөгсдийн 86.7 хувь нь 0-14 насны хүүхдүүд буюу 43.5 нь сургуулийн, 28 хувь нь цэцэрлэгийн хүүхдүүд, бусад нь гэртээ хүмүүждэг бага насны хүүхэд байна. Халдвар ийн тархахад нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь Улаанбаатарын ундны ус гэдгийг мэргэжлийн байгууллага аль өнгөрсөн жил тогтоожээ. Шууд хэлбэл, Улаанбаатарын оршин суугчдын хэрэглэдэг ундны усны эх булгийн 71 хувь нь А хэлбэрийн шар өвчний вирусаар бохирджээ. Энэхүү судалгааг өнгөрсөн жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргасан аж. Тэгвэл энэ жил байдал өөрчлөгдсөн үү гэсэн асуултад ХӨСҮТ” сайжирсан” гэдэг сайхан мэдээг баттай хэлж чадахгүй байна.
Шар өвчний халдвар газар авч байгаа нь зөвхөн нийслэлд ч биш орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын “шүдний өвчин” болжээ. Удахгүй Эрүүл мэндийн сайдын тушаалаар 20 мянган хүүхдийг халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахаар төлөвлөөд буй юм байна. Өмнөх жилүүдэд 50 мянган хүүхдийг хамруулж байжээ.
Б.Ойнбилэг