
Хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгаа учир Монгол Улсад тус байгууллагын бие даасан төлөөлөгчийн газар байгуулахыг Ерөнхий сайд С.Батболд санал болголоо. Атрын III аяныг амжилттай хэрэгжүүлсний дүнд монголчууд гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, улмаар гадаадад экспортлох боломж бүрдсэн. Цаашид бүс нутагтаа улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, бааз орон болох хүсэлтэй байна. Ингэснээр Монгол Улс хүнсний тусламж авдаг орноос экспортлогч орон болж, Ази, Номхон далайн бүс дэх НҮБ-ын ХХААБ-ын загвар орон болох чиглэлээр хамтран ажиллая гэв.
“Хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”, “Монгол мал” үндэсний хөтөлбөр болон “Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд тус байгууллагын техник туслалцааг цаашид үргэлжлүүлэн авах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Мөн 2014 онд НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгааг дэд захирал Х.Конума дэмжив. Монгол Улс газар тариалангийн салбараа сэргээж улмаар 100 мянган тонн улаан буудай экспортолж, бүс нутгийн хэрэгцээнд өөрийн хувь нэмрээ оруулах чадавхитай болсонд тэрээр баяр хүргэлээ. Цаашид ашиглах боломжтой 700 гаруй мянган га талбайд төрөл бүрийн ургамал тариалж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна гадаадын улс орнуудад нийлүүлэх боломж байгааг тэмдэглээд энэ чиглэлээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэв.
“Даян дэлхийн хүнсний баталгаат байдлын хөтөлбөр”-ийн 12,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжих “Мал аж ахуйд суурилсан цогц амьжиргааг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын ХХААБ 1,5 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэхээр төлөвлөж байна. Үүний хэрэгжилтийг түргэвчлэх шаардлагатай байгааг Х.Конума хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.