Оросуудын гол найдвар Дорнодын уран

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Оросуудын гол найдвар Дорнодын уран

Хүйтэн дайны үед дэлхийн орнууд хоёр хэсэгт талцан хуваагдаж, геополитикийн тавцанд зэр зэвсэглэлээр өрсөлдөж байсан билээ. Энэ сөргөлдөөний гол хэмжүүр нь цөмийн зэвсэг байв. Талууд үй олноор хөнөөх чадвартай зэвсэг бүтээхийн тулд нойр хоолгүй чармайн ажиллаж байлаа. АНУ цөмийн пуужингийн чанар, технологид гол анхаарлаа хандуулж байсны ачаар аажмаар амжилтад хүрсэн. Харин ЗХУ болон түүний холбоотнууд тоо ширхэгт анхаарлаа хандуулж, тухайн үедээ атомын зэвсэглэлээр дэлхийд тэргүүлсэн мэт харагдсан боловч эцэс сүүлдээ хамаг ураныхаа нөөцийг шавхаад дууссан.

Нэг мэдэхэд нийт олбор­лосон ураныхаа дийлэнх хувийг цөмийн хушуу үйлдвэрлэхэд хэ­рэглэсэн байлаа. Хүйтэн дайн ч дуусгавар болж, шилжилтийн үеийн хүнд хэцүү цаг мөчид цөмийн түлшний шавхруу ч үлдээгүй байв. Оросууд ураныг үндэсний баялаг гэж үздэг. Гэтэл энэ баялаг тав аравхан жилийн нөөцтэй болсон нь үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөхөд хүрсэн байна.

Дутагдалдаа дүгнэлт хийсний дагуу ОХУ-ын Засгийн газар 2000 оноос эхлэн ураны салбарт дорвитой алхам хийж эхлэв. “Атомредметзолото“ хэмээн компани байгуулан хилийн чанадаас дутуугаа нөхөж, дундарснаа дүүргэх ажилд томилсон. Ингээд оросууд аж үйлдвэржсэн улс орны амин судас болсон цөмийн эрчим хүчний түлшийг гадаадын хөрснөөс улайран хайж эхэл­лээ. Америкчууд үүнийг юм үзсэн хүн шиг хараагүй мэт өнгөрөхөөс аргагүй байв. Учир нь тухайн үед АНУ хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн цөмийн түлшийг өндөр үнээр худалдан авч дотоодынхоо хэрэгцээг хангаж байсан аж. Ураны зах зээлийг эзлэх зо­рилгоо хэрэгжүүлэхийн тулд оро­сууд Канад, Казахстан болон Монголд төвлөрөхөөр эр­гэлт буцалтгүй шийдэж, хамтран ажиллах удаан жилийн төлөвлөгөө боловсруулсан би­лээ. Эдгээр хамтрагчаас оро­сууд Монголыг илүү он­цолж буй нь учиртай. ОХУ-ын дарамт шахалтад амархан автаж, гарын дор байдаг гэдэг утгаараа урд хөршдөө анхаарлаа хандуулахаар шийдсэн аж. Үүний дагуу Улаанбаатарыг ураны нийслэл болгож, Улаан-үдээр Азид хүргэх гарц хийхээр төлөвлөсөн тухай яриа ч байна.

Дорнодод социализмын үед нээсэн орд газар нь өнөөдөр аминд орж, эндээс гадаадын олборлогчдыг хүчээр хөөгөөд ч хамаагүй уран гаргаж авахаар шийдсэн байна. Байршил, нөөцийн хэмжээ гээд давуу тал олонтой энэ ордыг орос ах нар гадаадын хамтрагчидтай хуваалцахыг хүсээгүй юм. Энд ажиллах эрхтэй байсан Канадын Khan Resources компанийг Монголын Засгийн газартай хамтран хөөж, явуулсан. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Дорнодын ураны орд газар нь 25 мянган тонны нөөцтэй ба жилд 2000 тонныг олборлох боломжтой юм. Олборлосон ураныг түүхийгээр нь нийлүүлбэл жилд багаар бодоход 300 саяын ашигтай гэж тооцоолсон. Харин баяжуулсан тохиолдолд тамтаггүй их мөнгө олох боломжтой юм.

Хэдийгээр ОХУ-ын Засгийн газар зах зээлийн шилжилтийн асуудалтай зууралдсаар байгаад Дорнодын орд газрыг гадаадын компанид алдсан ч хүчээр эргүүлэн авч чадсан. Уг ордод өөрийн мэдлийн 58 хувиа алдсан Khan Resources өнөөг хүртэл шүүх цагдаагаар явсаар байгаа билээ. Хайгуулын ажилд 200 гаруй сая долларын хөрөнгө оруулсан тул хохиролтой байгаа хэмээн гомдоллож, энэ мөнгөө Оросын Засгийн газраар төлүүлэхээр зүтгэж байна. Харин оросуудын зүгээс өөрийн хууль ёсны эзэмшлийн орд газраа эргүүлэн авсан мэт үзжээ. Оросууд нь Дорнодын орд газрыг анх нээж, уул уурхайн ажлыг эхлүүлж байсан тул зүй ёсны эзэмшигчдийн нэг гэдэг байр суурьтай байгаа юм.

“Атомредметзолото“ нь юу ч болсон Дорнодын орд газарт зөвхөн Монголын Засгийн газ­рын хамтаар ажиллах сонир­холтой гэдэг нь тодорхой байна. Энэхүү ордод мөн Хятадын улсын болоод хувийн секторын олборлогчид ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлж байсан. Тэд дангаараа Дорнодын төсөлд орж чадаагүй тул Канадын Khan Resources-тэй хамт­рахаар шийдсэн юм. Энэ нь оросуудын бухимдлыг төрүүлж, Монголын Засгийн газарт дорвитой шахалт үзүүлэх дохио болсон хэмээн ажиглагчид үз­дэг. Манай Засгийн газар энэ шахалтын дагуу Khan Resources-ийг төслөөс бүрмөсөн хөөж гаргасан гэж ажиглагчид үздэг.

Ж.Дашцэрэн

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж