Дээрхийн гэгээнтэн Монголд

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Дээрхийн гэгээнтэн Монголд

Дээрхийн гэгээнтэн ХIY Далай лам Данзанжамц өнөөдөр Монголд найм дахь удаагаа морилон ирж байна. Тэр цунамийн гамшигт өнгөрсөн хавар өртсөн Япон оронд 10 хоног саатаж, гол аюул болсон бүсүүдэд очин, сэтгэлийн хаттай япон жаалуудад урмын сургааль айлдаж, “Ирээдүй та нарын гарт шүү” хэмээн итгэлийн гал асааж өгөөд хөх тэнгэрийн Монголыг зорин ирж буй нь энэ. Тэрбээр  энэ арваннэгдүгээр сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Монголд морилон саатаж, лам хувраг, сүсэгтэн олонд сургаал айлдан, номын абшиг хүртээж, оюутан залууст “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц унших юм. Дээрхийн Гэгээн XIY Далай Ламын Монгол дахь айлчлал энэ сарын 11-ний өдөр өндөрлөж Энэтхэг рүү буцан морилно. Далай ламтан өөрийн үйлийн үрийн эрхээр улс төрд оролцсон хэмээн айлддаг байв. Харин тэрбээр улс төрийн алба болох хилийн чинад дахь Төвдийн дүрвэгсдийн Засгийн газрын тэргүүний ажлаа өнгөрсөн гуравдугаар сард болсон Төвдийн дүрвэгсдийн парламентын хурлын шийдвэрийн дагуу Дэнзэн Сангайд шилжүүлж, дан шашны хэргээ дагнан эрхлэх болсноор энэхүү үйлийн үрээс ангижирсан юм. Тэр цагаасаа хойш Дээрхийн гэгээнтэн анх удаа Монгол Улсад ийн залран ирж буй юм. Дээрхийн гэгээнтэн шашны хэргээ дагнах болсон тул өмнөд хөршийн зүгээс Далай ламтны хилийн чинад дахь айлчлалуудыг шүүмжлэн үздэг асан үзлээ одоо цэглэсэн биз ээ. Монголын бурхан шашинтны тэргүүнээр IX Богдыг залсны дараахан ХIY Далай лам Данзанжамц залран ирж буй нь бас нэг содон учрал тохиол юм.

Өнөөгийн дэлхий ертөнцөд бурхны шашин, буддын гүн ухаан, сэтгэлийг амирлуулах их нөлөө хүчээ аван дэлгэрч буй нь уг шашны номлолын үнэт мөн чанар, далд сэтгэлийг татах их чадлын үр нөлөө болж байна. Чухам ингэж буддын шашин хүрээгээ тэлж байгаа цаг дор IX Богдыг эрдэнийн ширээнд нь залж, басхүү Далай багш морилон ирж буй нь Монгол орон бурхны шашны нөлөө бүхий том төв, шинэ голомт болохын эхлэл тавигдав гэлтэй.  Бурхан багш найман түм, дөрвөн мянган сургааль ном айлдсан гэдэг. Хожим ХY зуунд Төвдийн эрдэмт их багш Зонхов богд бээр дахин шинээр боловсруулан дэлгэрүүлжээ. Зонховын дэлгэрүүлсэн бурхны шашныг шарын шашин хэмээх бөгөөд түүний их хөлгөний урсгалыг монголчууд бид дагасаар ирсэн. Бурханы шашинд сүсэглэх нь мухар сүсэг биш, хорвоо ертөнцийн мөн чанар, хүмүүн төрөлхтөн, түүний сэтгэлийн тухай номлолууд нь шинжлэх ухааны нээлтүүдээр удаа дараа нотлогдсоор иржээ. Түүний монголчуудад хандаж хэлсэн“Архиа бага ууж айргаа тааваараа хүрт” гэсэн үг нэгэн үе сархдад даяараа толгой мэдүүлэх шахсан манайханд том сургааль болсон. Дээрхийн гэгээнтэн ХIY Далай лам Данзанжамцын үед бурхны шашин Азиас халин,  баруун тийш дэлгэрч байна. Канадад гэхэд 300 гаруй мянган хүн бурхны шашинд сүсэглэх болжээ. Америкийн Холливудын оддоос ч бурхны шавь болсон нь бий. Далай лам Данзанжамц хөхөгчин модон гахай жил буюу 1935 оныдолдугаар сарын 6-нд Төвдийн Амдо мужийн Такцер сууринд мэндэлжээ. 1939 онд Далай ламын хойд дүрээр тодорч 1940 онд Далай ламд албан ёсоор өргөмжлөгдсөн байна.  Дээрхийн гэгээнтэн улс төрийн шалтгаанаар 1959 онд Төвдөөс дүрвэн гарч Энэтхэгт суурьшжээ. Тэрбээр 1989 онд энх тайвны Нобелийн шагнал хүртсэн юм. Дэлхийн оюун санааны нөлөө бүхий томчуулын нэг, Дээрхийн гэгээнтэн өнөө оройноос гурав хоногийн турш ийнхүү Монголын сүсэгтэн олонд оюуны гэгээ түгээхээр залран ирж байна.

Далай багштан Монголд долоон удаа айлчилсан нь

Анхдугаар айлчлал: 1979 оны YI сарын 15 буюу билгийн тооллын XYI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билэгт сайн өдөр Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ. Тэрбээр сүсэгтэн олонд "Гандан лхавжаймаа", "Есөн мөрт мэгзэм", "Дөрвөн мөрт мэгзэм" сүсэгтэн олны хамтаар эрхи маани уншиж "Язгуурын гурван бурхны тарни"-г айлдаж эш лүн хайрлажээ.

Хоёр дахь айлчлал: 1982 оны VIII сарын дундуур, билгийн тооллын XYI жарны усан нохой жилийн намрын эхэн сард тохиожээ. Энэ айлчлалаар III Далай ламын зохиосон "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт"-ыг дэлгэрэнгүй айлдаж увидас хүртээв. Мөн "Жигжид бурхны авшиг","Жамсран бурхны жэнан" зэрэг ном айлдаж Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий чуулганд хүндэт зочноор уригдан оролцов.

Гуравдугаар айлчлал: 1991 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны төмөр хонь жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байв. Дээрхийн Гэгээнтэн Төв цэнгэлдэх хүрээлэнд "Бодь мөрийн гурван эрхэм" номын дэлгэрэнгүй тайлбар, "Цагаан дарь эхийн насны авшиг", "Язгуурын гурван бурхны тарни"-г сүсэгтэн олонд айлдав.

Дөрөвдүгээр айлчлал: 1994 оны IX сар буюу билгийн тооллын XYII жарны модон нохой жил. Энэ айлчлалаар "Бодь мөрийн зэргийн тунгаамал алт" номыг тайлбарлан нийт сүсэгтэн олонд "Бурхан багшийн зүрхэн тарни", "Язгуурын гурван бурхны зүрхэн тарни", "Ловон Бадамсамбааваа бурханы зүрхэн тарнийн" эшийг хайрлав.

Тавдугаар айлчлал: 1995 оны VIII сар буюу билгийн тооллын XYII жарны модон гахай жилийн намрын эхэн сар. Далай лам Монголд анх удаа Гандантэгчинлэн хийдэд "Цогт цагийн хүрдний номлол", Дүйнхор бурхны их авшигийг Монголын сүсэгтэн олонд хүртээв. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд Богд Зонхавын туурвисан "Бодь мөрийн зэргийн хураангуй утга" болоод "Шүтэн барилдахуйн магтаал" зэрэг бурхны шашны гүн ухааны номыг дэлгэрэнгүй айлдаж "Увш" болон "Бодь садвын санваар" хайрлав.

Зургаадугаар айлчлал: 2002 оны XI сарын 06-09-ний өдрүүдэд айлчлав. "Бодь мөрийн гурван эрхэм", "Шүтэн барилдахуйн магтаал", "Бурхан багшийн зүрхэн тарни", "Дарь эхийн жэнан" зэрэг номуудыг нийт сүсэгтэн олонд айлдаж, оюутан залууст сургаал номоо хайрлав.

Долдугаар айлчлал: 2006 оны VIII сарын 21-27. Энэ удаагийн айлчлалаар Дээрхийн Гэгээнтэн лам хуврагийн жаяг бичгийг зохион Монголын бурханы шашны сүм хийдүүдийн тэргүүн болон хамба лам нарт гардуулж анх удаа гэлэнгийн сахилыг 52 ламд хүртээжээ. Далай ламын энэ удаагийн айлчлалын үеэр хорооллын эцэс дэх Гүнчав Жамбаалин төвийн үүдэнд өөрийн мутраар мөнхийн ногоон гацуур мод суулгажээ. 

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж