2012 оны төсвийн урсгал зардлыг танана

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

2012 оны төсвийн урсгал зардлыг танана

УИХ
дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл
хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны нэгдсэн
төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Уг хуулийн төсөлтэй
холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй юм. Бүлгийн гишүүдийн
хувьд төсвийн урсгал зардалтай холбогдуулан хэд, хэдэн санал дэвшүүлсэн
нь үндсэндээ урсгал зардал бууруулахад чиглэжээ. 

Дэлхийн эдийн
засагчид шинэ хямрал айсуй хэмээн улс орнуудад дохио өгч байхад Монгол
Улс ирэх жил сонгууль болно хэмээн төсвөө тэлж зардлыг улам ихэсгэсэнд
бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандаж, зарим урсгал зардлыг танах, заримыг
царцаах байдлаар зардлыг бууруулахаас аргагүй гэж үзжээ. Засгийн газраас
өргөн мэдүүлсэн 2012 оны төсөвт зөвхөн шинээр контор барихад зориулж
150 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан юм байна. Шинэ барилга барих
тоолонд орон тоо өсч тэр хэрээр зардал өсдөг тул 170 мянган төрийн албан
хаагч өнөөдрийнхөө барилгад үйл ажиллагаа явуулахад болно гэж үзэж
дээрх 150 тэрбум төгрөгийг урсгал зардал дээр тавихгүй байх шийдэлд
хүрчээ. Нөгөөтэйгүүр, 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж
байгаа энэ үед төр өөрөө барилга бариулахаар зүтгэх нь эргээд Замын-Үүд
боомтын ачааллыг ихэсгэж түгжээ үүсгэх урьдач нөхцөл болно гэж үзсэн юм
байна.

Хоёр дахь санал нь авто замтай холбогдож байна. Авто зам
барихдаа  хэвтээ, босоо тэнхлэгт нийцэж байгаа эсэх, эдийн засгийн
хөгжил дагуулах эсэх гэсэн шалгуураар авч үзэх шаардлагатай. Дуртай
газраа авто зам тавьж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулдгийг
хязгаарлах ёстой гэжээ.

Гурав дахь санал нь хөрөнгө оруулалттай
холбогдож байна. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтыг 2.1 их наяд
төгрөгөөр тусгаад буй. Энэхүү хөрөнгө оруулалтыг олон тулгуурт эдийн
засгийг хөгжүүлэх салбар руу чиглүүлэх ёстой хэмээн үзжээ. Мөн төрийн
албан тушаалтнуудыг гадаад томилолтыг царцаах гэсэн санал ч гарч дэмжлэг
хүлээжээ.

Хоёр дахь асуудал нь Нийгмийн суурь тэтгэврийн тухай
багц хуулийн төсөл байсан аж. Энэхүү төсөл дээр ажлын хэсэг байгуулсан.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ахалсан байна. УИХ-ын
Сонгуулийн тухай хуулийн төслийн хүрээнд МАН-ын бүлэгт хоёр санал тавиад
байгаа. Тэрхүү хоёр саналыг тус намын бүлэг хэлэлцээд дэмжсэн эсэх
асуудлаар Ардчилсан намын бүлэгт эргэж мэдэгдэх аж. Тиймээс дээрх
асуудалтай холбогдуулж Ардчилсан намын бүлэг ирэх лхагва гаригт дахин
бүлгийн хуралдаан зарлаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг
хэлэлцэхээр болжээ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж