
Санхүүгийн нөхцөл байдал тогтворгүйтсэнээс болж, Итали, Испанийн эдийн засаг доройтож эхлээд байгаа. Европыг бүхэлд нь хамарч мэдэхээр буй өрийн хямралыг арилгахын тулд бүх зүйлийг хуучин байранд нь оруулах шаардлагатай байгааг дээд хэмжээний уулзалтад оролцсон лидерүүд “Их 20”-ийн уулзалтын үеэр ярьжээ. Европын банкууд Грекийн өрийн 50 хувийг тэглэсэн ч өрийн хямрал үүгээр дуусахгүй бололтой. 2.6 их наяд ам.долларын өртэй Итали улс Грекийн араас орж ирсэн байна. Италийн Ерөнхий сайд Силвио Берлускони эдийн засгийн шинэчлэл явуулахаа амласан ч Европын холбооны түншүүдээс дэмжлэг авч чадаагүй бөгөөд засгийн газар нь дээсэн дөрөөн дээр байгаа гэжээ. Тиймээс ч “Их 20” гүрний дээд хэмжээний уулзалтын үеэр Итали эдийн засгийн шинэчлэл хийхэд ОУВС-г ажиглагч болохыг хүссэн байна.
Европын бондын зах зээлийг тогтвортой болгох үүднээс Италийн бондыг худалдаж авахыг Европын төв банкинд тулгаж байгаа юм. Дэлхийн эдийн засгийг эрүүлжүүлж чадвал дахин сонгуульд ялалт байгуулах эсэх нь шалтгаалах АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Европын эдийн засаг сэргэхгүй бол энэ байдал бидэнд бүгдэд нь шууд нөлөөлнө. Тиймээс эдийн засгаа хөл дээр нь босгох нь чухал” хэмээн хэлжээ. Өрийн хямралтай Грек, Ирланд, Португаль зэрэг орнууд ОУВС-гаас санхүүгийн зээл авсан бол дээрх орнуудаас эдийн засгийн хэмжээгээр илүү өргөн Итали, Испани мөн л хямралын араас орж, зээл хүсч байгаа юм. Ялангуяа Итали улс Евро бүсийн хамгийн чухал орны нэг боловч Европын холбооны гурав дахь том эдийн засагтай Италид санхүүгийн зээл олгох нь хэтэрхий үнэтэй тусна.
Европын холбооны 17 улсыг хамраад буй өрийн хямрал дэлхийн эдийн засгийн хямралыг зөгнөж байгаа билээ. Францын Ерөнхийлөгч Николя Саркози “Бид Европын эдийн засгийг сэргээхээр оролдож байна. Үүнд бид итгэлтэй байгаа боловч аюул ард хоцорсон гэсэн үг биш” гэжээ. Саркози Европын өрийн хямралд Грекийг хамгийн их буруутгаж байгаа бөгөөд тус улсыг Европын холбоонд элсүүлсэн нь том алдаа байсан гэсэн байр сууринаасаа буцахыг хүсэхгүй байна. Францын Ерөнхийлөгч, Германы Канцлер хоёр өрийн асуудлаар дээд хэмжээний уулзалтаас өмнө хэд хэдэн удаа тусгайлан уулзсан. Грекийн Ерөнхий сайд Йоргос Папендреу бүх нийтийн санал асуулга явуулах санал гаргасны дараа Ангела Меркел, Николя Саркози нар түүнд хэрэв санал асуулга эсрэгээр эргэвэл Грек Европын холбооноос хасагдана гэдгийг анхааруулсан бол үүний дараа өнгөрсөн мягмар гаригт Йоргос Папендреу санал асуулга явуулах шийдвэрээ цуцалсан билээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтоа нар “Грекийн драмын төгсгөлд Итали гэгч өрийн шинэ хямрал гарч ирлээ” гэдгийг онцолсон байна. Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах санд Хятад хувь нэмрээ оруулахаас татгалзсан бол ОХУ, Бразиль хөрөнгө оруулах сонирхолтой байгаа юм. Гэвч хоёр орны аль нь ч сан байгуулахад оролцох талаараа Дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдээгүй юм.
Ийнхүү “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт дуусав уу, үгүй юу Грекийн Ерөнхий сайд Йоргос Папендреу-г сөрөг хүчнийхэн нь огцрохыг шаардаж, тэрбээр өчигдөрхөн албан тушаалаасаа огцрох шаардлагыг хүлээж аваад байна. Албан ёсоор түүнийг огцорсон гэж хэлэх хараахан болоогүй ч эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй хамтран Грект Эвслийн засгийн газар байгуулахаар хэлэлцэж эхэллээ. Шинэ засгийн газрын тэргүүнийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас томилно хэмээж буй. Ямартай ч өнөөдөр шинээр байгуулагдах Эвслийн засгийн газар нь ирэх хоёрдугаар сарын 19-нд болох бүх нийтийн сонгууль хүртэл төрийн эрх барина гэж Грек улсын сангийн сайд мэдэгдээд байна.
Зургийг энд дарж үзнэ үү