
Бид бүхний өдөр тутамд хэрэглэж байгаа интернэтийн сүлжээнд байдаг компьютер бүрт оноосон IP нэрийг Домайн нэр гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, вэб сайтад нэвтрэхэд тусалдаг интернэт хаяг гэсэн үг. Домайн нэр нь “тодотгол+цэг+нэр+өргөтгөл” гэсэн бүтэцтэй. Интернэт хэрэглэгчид анх олон веб хуудасны IP хаягийг цээжлэх түвэгтэй учраас домайн нэр гэдэг зүйлийг зохиожээ. Манай улсад албан ёсоор “Датаком” компани бүртгэл, борлуулалтыг хариуцаж байгаа. Домайн нэрээ бүртгүүлэгч хэн нэгэн гуравдагч этгээдийн хуулийн эрхийг зөрчихгүй байх, нэрээ хуулийн хүрээнд ашиглах талаар гэрээ хийж албан ёсоор авдаг. Тухайн нэрийг бүртгэх, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, дамжуулах зэрэг нь бүгд хуулийн дагуу тодорхой дүрэм журмаар зохицуулагдана. Харин манайд энэ төрлийн бизнес эрхлэгчид эхлээд өндөр үнээр санал болгодог. Үүний дараа тус байгууллагад зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдмэгц тус сайтаар дамжуулан холбогдох хуулийн цоорхойг ашиглан нэр төрийг нь гутаах үйлдлүүд хийдэг нь харамсалтай. Олон улсын жишгээр бол домайн нэр тодорхой хугацаанд өөрөө автоматаар устдаг аж. Устсан домайн нэрийг дахин сэргээхэд үйлчилгээний жилийн хураамж болох дунджаар 35-40 ам.доллараас гадна 100-110 ам.доллар төлөх шаардлагатай. Сэргээгдэх хугацаа нь буюу “Redemption period” уг нэрийг устгаснаас хойш 20 хоног нэгдсэн санд байдаг. Энэ хугацаанд уг нэрийг сэргээгээгүй тохиолдолд устгагдахаар хүлээгдэж байгаа буюу “Pending delete” горимд шилждэг аж. Мөн тав хоногийн дараа “Whois” мэдээллийн сангаас бүрэн устаж, олон нийтэд нээлттэй болдог тул нэрийг дахин бүртгүүлэн худалдаж авах боломжтой болдог юм байна. Ер нь олон улсад домайн нэрийг хэн түрүүлж бүртгүүлсэн нь эзэмшдэгийн жишгээр өнөөгийн интернэт зах зээлийн ертөнцийн бичигдээгүй хууль. Иймд ашигтай нэрийг түрүүлж бүртгүүлээд бусдад дамлан худалдах түгээмэл байдаг. Гэвч энэ бүхэн цаг хугацааны хязгаарлалттай тул манай улсад энэ төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүст илүү давуу боломжийг олгож байгаа хэрэг. Олон улсад хамгийн үнэтэй домайн бол www.business.com юм. Анх 1999 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр бизнес эрхлэгч Марк Островский 7.5 сая ам.доллараар энэхүү нэрийг худалдан авч байжээ. Дараа нь www.asseenontv.com сайтын нэр 5.1 сая ам.долларын үнэд хүрснээрээ хоёрдугаарт бичигддэг аж. Энэ мэт олон улсад домайн нэрийн үнэ цэнэ тэнгэрт хадсан байгаа жишгийг монголчууд хуулийн цоорхой ашиглан бусдад тулгаж наймаалж байгаа нь бизнес эрхлэгчдийг жигшээх болжээ. Энэ тал дээр хууль хяналтынхан болон холбогдох байгууллага ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол удахгүй таны ч бизнест ашигтай домайныг танд худалдаад “50 хувийг чинь эзэмшинэ” гээд сууж мэдэх хүмүүс цөөнгүй байгааг сануулья. Ашигтай бизнес ч зарим тал дээр анхнаасаа дутагдалтай зохицуулалт хийсэн нь харагдаж байна. Хэн ч зүтгэж олсон хөрөнгөө цахим ертөнцийн “мангас”-уудад алдахыг хүсэхгүй. Тиймээс цахим “мангасууд”-ын цахим луйвраас болгоомжил.
"Улс төрийн тойм" сонин
