“Хунт нуур”-тай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

“Хунт нуур”-тай долоо хоног

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Карл Орфийн “Кармина Бурана”, Р.Щедрин “Кармен Сиюта”-г эгшиглүүлж, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар үзэгчдийг баярлуулсан. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд театрт Ж.Вердийн алдарт “Риголетто” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох гэж байна. Энэ сарын 12-нд гурван бүлэг дөрвөн үзэгдэлт “Риголетто” дуурийг тайзнаа амилуулна. Алдарт В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэн бичсэн энэхүү дуурийг анх 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венецед тоглож байв. Харин Монголын тайзнаа 1987 оны нэгдүгээр сарын 10-нд тогложээ.

Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг мэдэхгүй хүн гэж байхгүй ээ. Дэлхийн балетын урлагийн ноён оргил хэмээн нэрлэгддэг “Хунт нуур” балетыг монголчууд анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байв. Тэр цагаас хойш энэ балетыг УДБЭТ-ын уран бүтээлчид тасралтгүй тоглосоор ирсэн. Энэ удаад энэ сарын 13-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох юм. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхийн тус балетыг Үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн 1875 онд бичжээ. Анх 1877 онд Москвагийн “Их театр”-т тоглосон ч амжилтгүй болж, 1895 онд Санкт-Петербург хотын Маринскийн театрт шинээр найруулан тоглосон нь амжилттай болж, өдгөөгийн энэ амжилтад хүрчээ.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж