Британид 34 машин осолдож, долоон хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2011.11.06-нд нийтлэгдсэн

Британид 34 машин осолдож, долоон хүн амиа алдав

Их Британийн Сомерсетийн Таунтон хотын хурдны зам дээр өчигдөр 30 гаруй автомашин осолдсоны улмаас долоон хүн газар дээрээ нас барж, 51 хүн гэмтжээ. Машинууд ар араасаа мөргөлдсөн учир зарим тээврийн хэрэгсэл базсан цаас шиг болсон тухай гэрчүүд ярьж байна. Ослын дараа Эйвон, Сомерсетын хурдны замыг хаасан бөгөөд өнөөдрөөс дахин нээж байгаа гэнэ. Цагдаа нар ачааны автомашин нойтон зам дээр гулсч, замд хөндөлссөнөөс осол гарсан гэж таамаглаж байна. Осол орон нутгийн цагаар бямба гаригт 20.30 цагийн орчим гарчээ.  Гэрчүүдийн мэдээлснээр осол гарах үед манантай, зам халтиргаатай байсан гэнэ. Гэмтэж бэртсэн 25 хүнийг дүүргийн эмнэлэгт хүргэсэн бол хүнд гэмтсэн 17 хүнийг Таунтон хотын эмнэлэгт эмчилж байгаа ажээ. Осол гарсан замыг цэвэрлэж, сэргээн засварлахад багагүй хугацаа орно гэж албаны хүмүүс ярьж байна. Ослын шалтгааныг албаны хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа бөгөөд цаг агаарын таагүй байдал, ойрхон болсон галын наадам, харанхуй бүрий байсан зэргээс болсон гэж таамаглаж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж