Италичууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.11.06-нд нийтлэгдсэн

Италичууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардав

Италийн Ром хотод өчигдөр Ерөнхий сайд Сильвио Берлусконийн Засгийн газрыг огцрохыг шаардаж, хэдэн арван мянган италичууд жагсчээ. Ром хотын төв талбайд болсон тайван жагсаал цуглааны үеэр италичууд сөрөг хүчний намын туг далбааг барин, “Playboy” Ерөнхий сайдаа албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Жагссан италичуудын зарим нь шууд сонгууль явуулахыг шаардаж байгаа бол нэг хэсэг нь өрийн хямралд автаад буй энэ хүнд үеийг даван туулах хүртэл шилжилтийн Засгийн газар байгуулахыг хүсч байгаа ажээ. Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони өнгөрсөн баасан гаригт “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр “Итали улс шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ ОУВС-д амласан” гэж  мэдэгдсэн юм. Сильвио Берлусконийн явуулж буй эдийн засгийн бодлого иргэдийн зүгээс хатуу шүүмжлэлд өртсөн тул түүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаар парламентад санал хураалт явуулах гэж байгаа ажээ. Харин энэ удаа түүнийг парламентаас олонхийн дэмжлэг авч чадахгүй гэж ажиглагчид үзэж байна. Төсвийн шинэчлэл хийх асуудлаар ирэх мягмар гаригт италичуудын дунд бүх нийтийн санал хураалт явуулах юм байна. Евро бүсийн орнуудаас  эдийн засгийн чадавхиар гуравдугаарт бичигддэг Италийн өрийн хямрал энэ бүсийн бусад орнуудын санааг түгшээж байгаа юм. Учир нь Грекийн өрийн хямралаас Италийн эдийн засгийн уналт дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байна.

Нөгөө талаар италичууд Берлусконийн Засгийн газар эдийн засгийн хүчин чадлыг буцааж хэвэнд нь оруулах төсвийн хатуу бодлого хэрэгжүүлнэ гэдэгт итгэхгүй байгаа ажээ. Италийн парламент өмнө нь хэд хэдэн удаа санал хураалт явуулж, Берлусконид итгэл  хүлээлгэж байсан.  Тэрбээр энэ удаад ч мөн албан тушаалаасаа огцрох цаг болоогүй гэж мэдэгджээ. Италийн Ерөнхийлөгч Жоржио Наполитано Берлускониг огцрохыг шаардсан жагсаал  гарсныг ерөнхий сайдын ам, ажил хоёр зөрж байгааг харуулж байна гэж мэдэгдсэн байна.  Итали улсад өнгөрсөн есдүгээр сараас татварын нэмэгдүүлж, төсвийн хатуу бодлого хэрэгжүүлэхээр болсон ч эдийн засгийн шинэчлэл хийхгүй бол өрийн хямрал нь хяналтаас гарч болзошгүй гэж эдийн засагчид анхааруулж байгаа юм. Зарим эдийн засагчид Итали улс Евро бүсийн санхүүгийн тогтвортой байдлын санд хандивлах хангалттай мөнгө байхгүй гэж таамаглаж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж