-Хотын төвийн дүүргийн хүүхдүүдэд уушгины хатгалгаа өвчний үзлэг хийсэн. Үзлэгт хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?
-2009 оноос эхлэн манай улс энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Хөгжил буурай орнуудад уушгины хатгалгаа өвчний улмаас олон хүүхэд нас барж байна. Хүүхдийн өвчлөлд уушгины хатгалгаа өвчин дээгүүр байрт ордог. Тиймээс манайхаас гадна ЭМЯ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, дүүргийн хүүхдийн тасгийн эмч нар хамтран өнгөрсөн бямба гаригт 1000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, 100 орчим хүүхдүүдийг II, III шатлалын эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн. Уушгины хатгалгаатай хүүхэд олон хоног эмчлүүлэхгүй явбал амьсгалын дутагдалд орох аюултай. Эцэг эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандахыг зөвлөе.
-Дахиад ийм үзлэг, шинжилгээ хийх үү?
-Энэ сарын 5 буюу бямба гаригт Багахангай, Багануур, Налайх дүүргийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийнэ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон ЭМШУИС-ийн багш нар эдгээр дүүрэгт ажиллах юм. Тиймээс эцэг эхчүүд энэ өдөр дүүргийнхээ эмнэлэг дээр хүүхдүүдээ авчирч, үзлэгт хамруулаарай. Үзлэг өглөө 10:00 цагт эхэлнэ.
-Манай улсад хэчнээн хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр өвчилж буйг судалсан уу?
-Манайх өдөр бүр ХӨСҮТ болон холбогдох газруудаас томуугийн мэдээлэл авдаг. Үүний 10-20 хувийг уушгины хатгалгаа өвчин эзэлж байна. Түүнээс нэгдсэн судалгаа байхгүй.
Уушгины хатгалгаа өвчнөөс хэрхэн сэргийлэх, өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн мэргэжилтэн, клиникийн профессор М.Чимгээгээс тодруулсан юм.
-Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа авах шалтгаан нь юу байдаг юм бэ?
-Уушгины хатгалгаа нь вирус, нянгийн улмаас уушгины эдийг цочмог гэмтээдэг үрэвсэлт өвчин юм. Бага насны хүүхэд уушгины хатгалгаа өвчнөөр өвдөхөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, эх жирэмсэн байхдаа архи, тамхи хэрэглэх, хүүхдийг хөхөөр хооллохгүй, нэмэгдэл хоолонд эрт оруулах, амин дэм, шимт бодисоор хомс хоол өгөх болон агаар, орчны бохирдол, амьдралын нөхцөл зэргээс шалтгаалдаг.
-Хатгаа хүндрээд уушгины сүрьеэ үүсгэх үү?
-Үгүй. Уушгины сүрьеэгээс урьдчилан сэргийлэх вакциныг нярай хүүхдэд хийдэг. Вакцин хийлгэснээр уушгины хүнд өвчнөөс сэргийлж чадна.
-Танай эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн дунд ямар өвчин зонхилж байна вэ?
-Нийт үзлэгийн 80 хувь нь амьсгалын замын гаралтай цочмог халдварт өвчин байгаа бол үүний 20 орчим хувийг уушгины хатгалгаа эзэлж байна. Манай эмнэлэгт өдөртөө 15-20 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагддаг. Хүйтний улирал эхэлж, агаарын бохирдол үүссэний улмаас ханиад, томуугаар өвчлөх хүүхдийн тоо нэмэгдэж байна. Сүхбаатар дүүрэгт агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Мөн барилгын материалын тоос шорооноос болж харшлын гаралтай уушгины өвчлөл ихэслээ.
-Уушгины хатгалгааг гэрээр эмчлэх боломжтой юу?
-Хөнгөн хэлбэрийн хатгалгааг өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх бололцоотой. Энэ тохиолдолд хүүхдийг амин дэм, эрдэс баялагтай хоолоор хооллож, агаарт гаргах буюу өрөөнд агаар оруулах, биеийн байдлыг нь тогтмол хянаж байх хэрэгтэй. Мөн хүүхдийн дэргэд тамхи татахгүй, амар тайван байлгах нь чухал.
-Хүүхдээ хэрхэн эрүүл байлгах талаар зөвлөгөө өгөөч?
-Эрүүл байлгахад олон хүчин зүйлээс шалтгаална. Орчны болон гэр бүлийн эрсдэлт хүчин зүйл хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, дам тамхидалтаас болж олон хүүхэд уушгины элдэв өвчинд нэрвэгдэж байна.Сүхбаатар дүүргийн гэр хорооллын есөн хорооны хоёр хүртлэх насны хүүхэдтэй эхчүүдийн дунд судалгаа хийхэд 53 хувь нь ямар нэг хэмжээгээр тамхи татдаг хүнтэй хамт байгаа юм.
-Дам тамхидалт хүүхдэд ямар хортой вэ?
-Төрсөн эхийг хүүхэдтэй нь ганц хонуулаад л эмнэлгээс гаргаж байгаа. Дөнгөж төрсөн нярайд ээлтэй орчин бүрдүүлэх нь чухал. Хүүхдийг нярай байхад гэр бүлийнхэн нь тамхи ихээр татсанаас гэнэтийн үхэлд хүргэх аюултай.
-Ийм тохиолдол гарч байсан юм уу?
-2009 онд XI хороонд ийм тохиолдол гарсан. Нярай хүүхдийн бие гэнэт муудлаа гэсэн дуудлагын дагуу очиход тухайн хүүхэд нэл тамхины утаан дунд байсан Үүнээс болж нярайн амь эрсэдсэнийг тогтоосон.
Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин
