Нийслэлийн газрын хөрснөөс хүнцэл илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн газрын хөрснөөс хүнцэл илэрчээ

Ийм мэдээлэл чих дэлсэв. Хөрс бохирдсон тухай амтай болгон ярьж эцэстээ хувь заяатайгаа эвлэрэх тийшээ хандаж байтал хүнийг хоромхон зуурт үхүүлэх чадвартай хүнцэл хөл дор гишгэгдэж, агаараар дамжин ам хамраар саадгүй нэвтэрч байгаа гэж бодохоор газар дээр чангахан гишгэж явахад ч хэцүүхэн санагдах боллоо.

Хүнцэл гэж энэ хорын тухай өнгөрсөн жил бас нэг яриа болсон. Туул голын уснаас хүнцэл илэрсэн, илрээгүй, албан ёсоор батлагдаагүй гэж мэргэжлийн хяналтын байцаагч, эрүүл мэндийн мэргэжилтэн, төрийн бус байгууллагынхан хоорондоо сүрхий маргаж билээ. Харин энэ удаа Улаанбаатарын газрын хөрс хүнцэл, хромд бохирдсон болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна.  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүнцэл болоод хромын үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс нэлээд өндөр байсан тухай Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн 2010 онд хийсэн судалгаанд дурдагджээ. Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүрэгт хүнцэл,  кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, зэрэг  хүнд металл зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байгааг ч мөн тогтоожээ. Зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байна гэдэг нь хүнийг хордуулах чадвартай гэдгийн баталгаа аж. Чухам үүнээс болж ялангуяа нийслэлийнхний дунд хортой болон хоргүй хавдраар өвчлөх эрсдэл эрс нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна. Хүнцэл гээч нь амт, үнэргүй. Эл бодисоос тун бага ердөө 60 мг-ыг  хэрэглэхэд л хормын дотор аминд хүрнэ. Ийм хүчтэй бодис учраас  “хаан хор” хэмээн дэлхий нийтэд нэрлэх болжээ. Эртний хаад нэг нэгнийгээ хүнцлээр хорлодог байсан тухай ном сударт олонтаа тэмдэглэсэн байдаг. Ийм аюултай хор газрын хөрсөнд шингэж нийслэлчүүдийг хордуулж эхэлсэн гэдэг түгшүүрийн харангыг жинхэнэ утгаар нь чанга гэгч дэлдэхээс аргагүйд хүргэж байна бус уу.

Ер нь мөнгөн ус тархсан газруудад хүнцэл байдаг аж. Иймд химийн мэргэжилтнүүд хүнцлийг мөнгөн усны дагуул гэж үздэг юм байна. Хүнцэл нь арьсны хорт хавдар үүсгэх нөхцөл болж, захын мэдрэлийн судасны үрэвслээр өвчлүүлдэг бол мөнгөн ус сэтгэхүйн хямрал (минаматын өвчин), ходоод-гэдэсний үйл ажиллагааны болон  бөөрний хямралд хүргэж, хромсомын өөрчлөлтөд оруулдаг аж. Хар тугалга ясны эдийн гэмтэл, цусан дахь уургийн нийлэгжилт саатах, мэдрэлийн системийг гэмтээж, бөөрний өвчлөл үүсгэдэг. Кадмий элэгний хатуурлаар өвчлөх шалтгаан болж, бөөрний үйл ажиллагааны дутагдалд оруулдаг байна. Ингээд үзэхээр нийслэлчүүдэд эрүүл амьдрах баталгаа алга. Түүнчлэн хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх хортой чанараараа утаанаас хавьгүй аюултай болохыг судлаачид хэлж байгаа юм. МУИС-ийн багш доктор Ч.Гончигсумлаагийн нийслэлийн геоэкологид 2003-2006 онд хийсэн судалгаагаар  дулааны III, IV цахилгаан станцын орчим, Шархад, 100 айл, Дэнжийн мянга, Хайлаастын орчим хөрсний бохирдол хамгийн өндөр буюу хотын дундаж хэмжээнээс 10-16 дахин их байжээ. Зөвхөн хар тугалга л гэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4-6 дахин их байгааг судлаач тогтоосон. Химийн хүнд металлууд нь органик нэгдлүүдтэй урвалд орсноор газрын хөрсөнд гүн шингэж удаан хугацаанд амь бөхтэй оршдог аж. Нэр нь тодорхой, агууламж хэмжээг нь тогтоосон дээрх бодисуудаас гадна Монголд төдийлөн судлагдаагүй фуран, бензпирен, диоксен, ПАУ зэрэг органик бохирдуулагчид ч хөрсөнд бага биш хэмжээгээр шингэсэн байгаа гэнэ. Тиймээс эдгээр бохирдуулагчдын хөрсөнд шингэсэн агууламжийг тогтоож, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг судлах шаардлага тулгарч буй аж.

Газрын хөрсийг хүнцлээс дутуугүй бохирдуулагч өөр нэг хүчин зүйл нь халдварт өвчний нян. Ялангуяа оршуулгын газрын ойролцоох газрын хөрсөнд элбэг тохиолддог халдварт цусан суулга 25-100, балнад нян 100-400, полимиелитийн вирус 100-150 хоног хадгалагддаг аж. Энэ байдлаас үзэхэд иргэдийн аюулгүй, эрүүл амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна. МУИС-ийн судлаач багш нар цаашид хөрсний бохирдол нэмэгдэх хандлагатай байгааг судалгаандаа дурджээ. Иймд хөрсний бохирдолд анхаарал хандуулах цаг хэдийнэ болсноор барахгүй оройтох нь байна.  Бид утаагаар уушгиа хордуулаад зогсохгүй хөрсний бохирдлоос болж элдэв төрлийн өвчин тусч байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Хөрсний бохирдлоор дамжих чимээгүй тахалтай тэмцэх онцгой шаардлага тулгарч байна.  Энэ удаа хөрсний бохирдол сэдвийг хөндөж байна. Нийслэлийн хөрсний бохирдлын талаар иргэдтэй ярилцсан юм. Бид 100 айл орчмын иргэдээс дараах асуултанд хариулт авлаа.


“Манайх жорлон ухах газаргүй болсон”
/Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Б.Номин/

-Нийслэлийн хөрсний бохирдол аюулын хэмжээнд хүрээд байгаа. Энэ юунаас болсон гэж та үзэж байна вэ. Танайх хашаандаа хэдэн жил амьдарч байгаа вэ?

-Манайх хашаандаа цөөнгүй жил амьдарч байгаа. Гэхдээ хоёр л удаа жорлонгийн нүх ухсан. Манай газар бага болохоор жорлон ухах газаргүй. Зарим мэргэжилтэн гэр хорооллын айлуудын жорлонгоос болж хөрс бохирдож байгаа гэж ярьдаг юм билээ. Би хөрсний бохирдлыг хүмүүсийн соёлгүй байдлаас болсон гэж үздэг. Хөрс их хэмжээгээр бохирдсон нь элдэв төрлийн химийн хог хаягдалтай бас холбоотой байх. Гудамжинд угаадас асгах, гуу жалгыг хогоор дүүргэснээс үүдэж хөрс бохирддог болов уу. Үнэхээр аюулын хэмжээнд хүрсэн бол хотын удирдлагууд анхааралдаа авах байлгүй дээ.

“Иргэдийн ил задгай хаясан хогноос болж хөрс бохирдож байна”
/Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Э.Үржинханд/

-Манайх хашаандаа гурван удаа жорлонгийн нүх ухсан. Одоо дахиад ухах газаргүй болоод байна. Хөрс бохирдсон үнэн. Иргэдийн зарим нь хогоо хаа сайгүй асгачихдаг. Гэр хорооллын айлын муу усны цооног ил задгай байдаг. Таглаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй шүү дээ. Иймэрхүү зүйлээс болоод хөрс бохирдож байгаа. Орон нутгаас нүүж ирсэн иргэдийг соёлжуулмаар байна. Хөрсний бохирдол хүн амын төвлөрлөөс болдог ч нөгөөтэйгүүр иргэдийн соёлтой холбоотой.

“Айлуудын гудамжинд асгасан угаадас хөрс бохирдуулж байна”
/Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Д.Түмэннаст/

-Өвөл болохоор хашааны булан, гудамж угаадсаар дүүрчихдэг. Энэ нь хөрсийг  бохирдуулах шалтгаан болдог байх. Үүнийг цэгцлэхгүй бол хөрсний бохирдол улам нэмэгдэх болно. Нөгөө талаар айлуудын бохирын цооногоос болж хөрс бохирддог байх. Нэг айл хашаандаа хэд хэдэн удаа бохирын цооног, жорлонгийн нүх ухсан байдаг. Тэгэхээр энэ бүхэн хөрс бохирдуулж байна. Манайх гурван удаа бие засах газраа сэлгэсэн. Одоо шинээр жорлон барих газаргүй болсон.


“Нийслэлийн иргэдэд эрүүл, тайван амьдрах нөхцөл алга”
/Сүхбаатар дүүргийн XI хороны иргэн Ж.Бямбасүрэн/

-Нийслэлийн иргэдэд эрүүл, тайван амьдрах нөхцөл алга. Сүүлийн үед агаар, хөрсний бохирдол эрүүл мэндэд нөлөөлж байгааг ярих боллоо. Хүмүүсийн соёлгүй байдлаас олон зүйл шалтгаалдаг байх. Би тэгж боддог юм. Иргэдийн амьдрах орчин бохир байна. Үүнээс болж өвчлөл нэмэгдлээ гэж эмч нар хэлдэг. Энэ бүхэн хөрсний бохирдлоос шалтгаалдаг байх. Нэг хашаанд гурван айл буухад л жорлон ухах газаргүй болчих юм. Манайх хашаандаа хоёр жорлонтой.

Б.Ганаа

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж