Виржини мужид онцгой байдал тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Виржини мужид онцгой байдал тогтоов

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн баасан гаригт Виржини мужид онцгой байдал тогтоох тогтоолд гарын үсэг зурсан тухай ИТАР-ТАСС мэдээлжээ. Виржини мужид наймдугаар сарын сүүлээр газар хөдөлсөн бөгөөд одоог хүртэл энэ бүс нутаг гамшгийн байдалд байгаа юм.  Газар хөдлөлтийн сүйрлийг даван туулахын тулд энэ арга хэмжээг авч байгаагаа Б.Обама мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаанаас орон нутгийн удирдлагыг холбооны төвөөс санхүүгийн тусламж авахыг зөвшөөрч байгаа юм. Цагаан ордны хэлснээр тусламж түр орогнох сууц болон газар хөдлөлтөд эвдэрч сүйдсэн байшингуудыг засахад зориулагдах юм. Түүнчлэн даатгалгүй байсан үл хөдлөх хөрөнгийг сэргээх болон бусад зүйлсийг сэргээн босгоход тусламжийг зориулах аж.

Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд Виржини мужид нийслэл Вашингтон хотоос 135 км зайтай 5,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Азаар хүний амь нас хохироогүй юм. Харин байшин барилга ихээр нуран, Үндэсний сүм, Жорж Вашингтоны хөшөө зэрэг уран барилгын болон түүхийн дурсгалтай газрууд сүйдэж ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж