“Хяналт” арга хэмжээний зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

“Хяналт” арга хэмжээний зөвлөгөөн болов

“Эрэл, орогдол-2011” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Хяналт” арга хэмжээг аймаг бүрт зохион байгуулжээ. Арваннэгдүгээр сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт “Хяналт” арга хэмжээний гуравдугаар бүсийн зөвлөгөөнийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт явууллаа. Зөвлөгөөнд Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн дарга нар оролцсон байна. Энэ үеэр аймаг бүр “Хяналт” арга хэмжээний үеэр хийж байгаа ажлаа танилцуулж, харилцан туршлага солилцжээ. “Хяналт” арга хэмжээ хоёр үндсэн чиглэлээр өрнөж байгаа юм. Хууль бусаар мод тээвэрлэх буюу байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг болон малын хулгайтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг бүр төлөвлөгөө гарган, шат дараатай арга хэмжээ авчээ. Дархан-Уул аймгийн хувьд “Хяналт” арга хэмжээний үеэр хууль бусаар мод тээвэрлэсэн гэх найман хүнд холбогдох таван хэрэг, малын хулгайн есөн хүнд холбогдох зургаан хэргийг илрүүлэн, шалгаж эхлээд байгаа аж. Дээрх гэмт хэргүүд аль аль нь нутаг дамжсан хэрэг байсан учир цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа чухал байна гэдгийг ч зөвлөгөөний үеэр онцолж байлаа. Аймаг бүр өөрсдийн арга туршлагаа ярьж, хаанаа, юундаа анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

У.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж