
Өглөө…
-Уйтгартай юм. Дэндүү уйтгартай. Юм болгон яагаад ийм амаргүй байдаг юм бэ. Зарим хүмүүст амархан хялбархан бас тэгээд гэрэл гэгээгээр дүүрэн. Харин минийх болохоор дандаа адармаатай ээдрээтэй бас төвөгтэй. ..: Тэр зүгээр л намайг ингээд орхиж болохгүй. Халааснаасаа цаас гээж байгаа юм шиг ийм амар хялбар намайг орхиж болохгүй. Магадгүй энэ нь тэрүүнд таалагддаг ч юм бил үү. Намайг үгүйлэн санаж, галзуурах нь холгүй байгаа нь огтоос хамаагүй гэж үү. Шаналгагч гүнж хатагтай юм биз дээ.
… Би түүнийг гомдоосон юм болов уу. Надаас илүү ч шаналж байгаа юм бол уу. Тийм ээ, тэр гомдчихож. Надаас миний түүнээс хүсч байгааг хүсч. Хайрыг, надаас хайрыг хүссэн хэрэг. Харин би гэж урагшгүй амьтан тэрнийг нь ойлгосонгүй. Юу боллоо гэж эмэгтэй хүн эрэгтэй хүнд сэтгэлээ илчлэх билээ. Хүлээж цөхөөд гомдсон байна. Бүтэн долоон өдөр 16 цаг 15 минут ямар ч сураг алга. Мөрөөдөл минь ингээд нэг л агшинд салхинд хийсчих юм гэж үү. Үгүй ээ, үгүй тийм байх ёсгүй. Тэмцэл хэрэгтэй. Заавал чамайгаа олно. Ганцхан удаа л бурхан чи надад боломж олговол би түүнийхээ дэргэд байх бүхий л зүйлийг хийх болно. Чи минь хаана л байна даа. Хаанаас олох вэ чамайг. Хаяг нь ч надад байхгүй ш дээ. Ухаан санаа нь самуурсан амьтан хаягийг нь нэг ч удаа асууж байгаагүй гэж үү дээ.
Тийм ээ, санаж байна. Асууж байсан шүү дээ. Энд хадгалсан гэж Хайсу ажлынхаа ширээний шургуулгаа ухан бөөн бичиг цаас тараан шидлэн авралын гэрчлэл болох өчүүхэн цаасны өөдсийг хайж эхлэв.
-Энд л байх ёстой. Энд л.. хэмээн үглэн хайж байхдаа зэргэлдээ ширээний нарийн бичиг хүүхний гайхаж жуумалзсан царай төрхийг ч анзаарсангүй. Хавтастай хавтасгүй олон бичиг цааснууд дундаасаа мөнөөх цаасыг арайхийн олоод эгээ л хүүхэд адил баярлан хөөрч, -Нархан минь би олчихлоо шүү тэгж л таарна. Би ч яадгаа алдчихсан ч амьтан бас биш юм аа хэмээн алгын чинээ цаасаа үнсэн чичирхийлж догдолсон хуруугаараа болгоомжтойхон нээгээд цогшиж гэрэлтсэн харц нь бүсгүйн хаягнаас үл сална.
Нарийн бичгийн дарга хүүхэн тэсгэлгүй инээд алдахад Хайсу сая л нэг түүнийг анзаарч ичиж нэрэлхэхдээ нүүх царай нь минчийтлээ улайн самгардав. Хүүхэн ч харц буруулан компьютерийнхээ ард нугдайхад дал мөр нь ичигнэн инээдээ барьж ядан байгаа нь түүнд тэсэхийн аргагүй доромжлол мэт санагдаж байлаа.
-Хн хүний мууд дуртай хөгийн амьтан шүү. Энэ муу тарган шар хүүхэн ер нь өөрийгөө хэн гэж боддог байна аа. Ёстой нөгөө өөхөнд ороовч нохой тоож шиншилэхгүй амьтан байж аальгүйтнэ ээ. Намайг өөрт нь талтай гэж сэрүүн зүүдэлж явдаг шүү ухаантай бас. Хн би мөн харна даа. Ялгуун маань байхад өрөөсөн нүдээрээ ч чамайг харахгүй юм байх өө гэж тааламжгүйхэн мушилзаад мөнөөх эрдэнэ болсон цаасаа энгэрийнхээ халаасанд явуут дундаа хийж хүрмээ шүүрээд хаалга чиглэн угз татан гарлаа. Ард нь нарийн бичиг хүүхний,
-Та хаашаа гарах гэж байгаа юм бэ. Дарга хуралтай гэсэн ш дээ гэх дуу хаалганы хонх шиг жингэнээд тасрав.
-Мөрөөдөв өө. Тэр муу даргатайгаа чи өөрөө л нялуурдаг юм байгаа биз. Миний ер нь хаачих нь энэ авгайд ямар хамаа байна аа.
Энэ нэг амьтан чинь юу болчихоо вэ. Хөл нь газар хүрэхгүй нисч байх шив. Хөгшин илжиг жороо сурав гэгчээр хачин амьтан шүү гэж нарийн бичгийн дарга хүүхний бодол шат уруудан гүйх шахам Хайсугийн хурдыг гүйцэмгүй байлаа. Тэр их догдолжээ. Аз жаргалын шидэт дохиурын үзүүрээс атгасан түүнд одоо энэ ертөнцийн юу ч огтын хамааралгүй мэт ажээ. Гагцхүү түүнтэйгээ учрах тэр л алтанхан хормын баясал цэнгэл бүхнээс үнэтэй байлаа. Дурлал хүнийг нэгмөсөн өөрчилдөг гэдэг үнэн бололтой.
Хайсу дөчин нас өнгөрч яваа ганц бие нэгэн. Хэзээ ч эхнэр авч үзээгүй түүний тухай хавь ойрынх нь сайнтай муутайг холин хуучлана. Зожиг нь дэндсэн, эмэгтэй хүн хайрлаж мэддэггүй аль эсвэл мөнөөх нь ажиллагаагүй болсон гэхчлэн нүд үзүүрлэх хүн бишгүй олон. Зарим нь бүр энэ бүхнийг батлах гэж уртаас урт шальдар бульдар түүх зохиох нь ч бий. Хамгийн сүүлд гарсан нэг цуу ярианд хашрыг нас залуу байхдаа хоёрын хоёр ч хүүхэн голгүй гомдоогоод түүнийхээ горыг амсч яваа нэгэн. Нэг хүүхнийг нь бүүр өөртөө дурлуулаад тоолгүй хаяж амиа хорлоход хүртэл хүргэсэн гэж цуурна. Голдуу ажлын газрынх нь хүүхнүүдээс үүдэлтэй эл яриа газар аваагүй тэгсгээд намжсан ч хүмүүсийн сэтгэлд ихээхэн амь бөхтэй оршсоор байгаа юм. Хүүхнүүдийн амны чилээг хэсэгтээ л гаргасан энэ яриа залуу цагийнх нь зурагнаас үүдэлтэй дэгдсэн юм. Бие бялдар сайтай, өтгөн хар хөмсөг, цогтой дулаан алаг нүд, ялимгүй өндөр хянган хамар, жирвийсэн сахал бүхий Хайсугийн залуу зандан насны зураг ямар ч хүүхний сэтгэлийг булаахуйц байж билээ. Тиймдээ л ийм яриа тархсан хэрэг. Ямар ч тохиолоор ажлынх нь хүүхнүүдийн гарт орсон юм бүү мэд нэг л мэдэхэд ширээнээс ширээ дамжин аялж эцэстээ нарийн бичиг дарга хүүхний давс хужрыг нь тохируулсан яриагаар хачирлагдсан нь энэ. Харин Хайсу өөрийнх нь тухай ийм яриа дэгдснийг огтоос мэдэхгүй. Ажлын газрынхны харилцаа нэг л өөр хүйтэвтэр байгааг анаазрсан ч үгүй. Угаас тэр сүүлийн өдрүүдэд өөрөө ч мэдэхгүйгээр маш их өөрчлөгдсөн байлаа. Байнга л Ялгуун гэгч үл таних бүсгүйтэй чатлана. Компьютерийнхээ ард ганцаараа өөрөө өөртэйгөө ярина, инээнэ хөрхөнө, уулга алдана. Энэ бол түүний хувьд хамгийн аз жаргалтай өдөр хоног, цаг мөчүүд байлаа. Харин ажлынх нь нэг л биш болоод байгааг хэдийн ажиглачихсан тоглоом шоглоом хийнэ. Хашир тоож байгаа ч шинж байхгүй.
Хайсуг насаараа ганц бие яваад нь хамгийн их эмзэглэдэг хүн бол муу ижий нь. Байнга эхнэртэй болгох гэж үглэж яншина. Хааяа бүр ажлаасаа ирэх цагийг нь тааруулж танилуудынхаа охидыг зориуд гэртээ урьдаг байлаа. Хүний урманд Хайсу тэднийг хүүхэн хүн гэж харахгүй. Ингэсээр амьд сэрүүндээ Хайсугийн хүүхдийг харж, хормой норгуулах хүсэл нь талаар болжээ. Тиймээс ч эхнэртэй бол гэж Хайсуг байнга шахаж, хүчлэх хүнгүй болсон билээ. Хэдийгээр түүний зулайг гишгэж мэндэлсэн дөрвөн эгч нь байнга л эхнэртэй болохыг зөвлөх ч үгийг нь үл оошооно. Хэрэвзээ “Хүнтэй суухад яадаг байна аа” гээд эхэлбэл хэдэн сараар ч хамаагүй харилцаагаа таслаад, усанд хаясан чулуу шиг таг чиг алга болох Хайсуг эгч нар нь үглэж, загнахаа ч больсон юм.
-Би удахгүй эхнэр шиг эхнэртэй болно оо гэж нэг удаа ам алдахад нь Хайсугийн эгч Оюун их л баярлаж байсансан. Харамсалтай нь Хайсугийн “удахгүй” гэдэг хугацаа ямар хэмжээс вэ гэдгийг хэн ч үл мэднэ. Тэгэж хэлснээс хойш нэгэнтээ 20 жил өнгөрсөн болохоор Оюунд Хайсу тэгэж хэлсэн нь зүүдэлсэн юм шиг санагдана.
Гэсэн саявтархан нэг удаа, -Эмэгтэй хүнд сарнай өгвөл гоё биз гэж эгч нартаа хандан хэлснээ,
-Үгүй дээ дэмий юм байна. Улаан сарнай онцгүй. Хүн бүхний л өгч, авдаг л өвс ш дээ. Арай өөр гоё, өвөрмөц зүйл байх ёстой гэж өөрөө өөртэйгөө ярихыг нь сонссон эгч нар нь,
-Найз бүсгүйтэй болоо юу, миний дүү гэж асуужээ. Хайсу ч тэднийг харцын хариуд,
-Та нар ч атаархмаар сайхан амьтан бий… гэж хэлмээр санагддаг ч тэрүүхэндээ нууцхан жуумалзаад л өнгөрчээ. Ацаг шүд алдсан нь ердөө л энэ. Гэхдээ бүсгүй хүний зөн совин гэж хүчтэй байдаг хойно дүү нь нэг л өөр болоод байгааг эгч нар нь гадарлаж орхижээ. Занг нь мэдэх хойно асууж шалгаасан ч үгүй. Гэхдээ л ганц дүүгээ хүнд сэтгэлтэй болсонд эгч нарын сэтгэл бага ч атугай онгойсон юм.
Оройхон нисэн ирсэн дурлалын түүхээ багын найз Бат, Цогт нараасаа нуусангүй. Сэтгэлийнхээ хамаг л нарийн нандин бүхнийг тэр л хоёртойгоо хуваалцана. Шинэхэн дурлалын түүх найзуудын анхаарлыг татжээ.
-Больж үз дээ, чи. Нэг ч удаа үнсэж үзээгүй, тэврэх нь битгий хэл гарыг нь атгаагүй, тэр ч бүү хэл огтоос үзээгүй хүүхнээ эхнэрээ болгоно гэж юу солиороод байгаа юм. Чамайг ингэж байх хооронд аль хэзээний өөр хүнтэй хөтлөлцөөд гудамжаар гунхаж яваа, цаадах чинь гэж Цогтоог явуулахад Хайсу тоосон шинжгүй,
-Үнсэнэ ээ, найз минь. Үнсээд ч зогсохгүй миний хүүхдийг тэр минь гаргаж өгнө. Чи хараарай.
-Хн. Тэнгэрээс буу. Эгэл хүн илүү өндөрт гарах тусмаа газраас холдож, унавал илүү өвддөг юм. Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөдгийг санаарай. Чи тэгэж дэмийрч байхаар Үжинтэй эргээд нийлбэл дээр…
-Үжин үү. Үжин ч уг нь надад сүйд болдог. Гэхдээ Үжинд би хайргүй. Ганцхан түүндээ л хайртай, Ялгуунд… гэж гуниглан санаа алдаж, нүднийх нь цог буурч барайхыг нь харсан Бат,
-Цогтоо, чи битгий ингэж атаархаж бай. Нэг нь ч гэсэн сайхан хүүхэнтэй сууг л дээ. Чи Хайсугийнд очих болгонд дэмий бурж явсаныг чинь сануулж, зураг шиг сайхан амьтны өмнө нүд чинь дальдрана даа. Атаарахдаа боож үхэх нь холгүй байх шив дээ. Чи ер нь ихээхэн хүн чанаргүй болж байгаа амьтан байна даа.
-Ха ха. Тэгвэл Хайсуг гэртээ эзгүй байх болгонд нь очно доо. Тэр сайхан амьтныг чинь нэг амтлаад үзэхэд татгалзахгүй юм байгаа биз дээ. Чиний өрсөлдөгч больё л доо. За за алаагүй баавгайн арьсыг хуваах гэж байгаа юм шиг болж байх шив. Эхлээд өргөөнийхөө хаалгаар оруулаад өөрийн болгоод авчих. Би ч гэсэн хүчин зүтгэе л дээ гэж Цогтоог өгүүлэхэд Батаа,
-Чи ч мөн тэгнэ байх аа. Наадахнаасаа холуур байлгаарай. Яаж ч мэдэх Донжуан шүү, чи.Ингээд чиний өрсөлдөгч нэгээр нэмэгдлээ шүү гэхийг сонссон Хайсу их л дуртай инээд алдана. Гурван найз байнга л орж заншсан буйдхан уушийн газартаа духлан элдвийг ярингаа пиво залгилан суугаа нь энэ. Бат,
-Одоо найз нь явахгүй бол горьгүй нь. Цаад эхнэр чинь хувцасаа баглаад яваад өгчихнө шүү. Найз нь тооцоогоо төлчихье. Миний хоёр найз миний өмнөөс тархи, толгойгоо жаахан баясгаад аваарай гэсээр өндийхөд Цогт ч бас,
-Ажил гэж үстэй толгойноос их. Тэгж байгаад шинэхэн дурлалт залуугийн байлдан дагуулалтын түүхийг сонсоно оо гэцгээв.
-За, та хоёр тэгэж л бай. Удахгүй би та хоёрт олдохгүй болно оо. Явцгааж үз. Би ганц бие байгаа дээрээ жаргаад авна аа. Та хоёр харин манай эхнэрийг харах гэж намайг хөөгөөд ч явдаггүй болох вий гэж уцаарлангүй өмнөх аягатай шар айргаа нэгхэн амьсгаагаар хөндөрч орхиод,
-Хээе, бүсгүй ахиад пиво…
Ганц бие, дажгүй ажилтай гэдгийг эндхийхэн андахгүй. Бармен бүсгүй Хайсуг илт өдөн,
-Ганцаараа суухаар миний дэргэд ирээд надад хань болоод суу л даа гэж жуумалзана.
-Тэгэлгүй яах вэ, Хонгор минь гэсээр Хайсу хүрмээ мөрөн дээрээ тохсон болоод түүний хажууд очиж суулаа. Бат, Цогт хоёр ч инээлдэн, толгойгоо сэгсэрсээр гарч одов.
Бага үд…
-Цаад хоёр чинь яасан эрт явж байх юм. Ахиад л ганцаараа үлдчихэв үү, Хайсу минь, Хайсу минь. Гэхдээ өнөөдөр чиний үлдсэн нь учиртай шүү. Миний төрсөн өдөр. Чамтай байлгах гэж намайг өнөөдөр төрүүлсэн юм байлгүй гээд тас тас хөхөрнө.
-Аан тийм үү. Бэлэг. Дараа л гоё бэлэг өгий.
-Үгүй ээ, өнөөдөр л авна.
-Өнөөдөр үү гэж Хайсу дэмий л хоосон халаасаа моониг хуруугаараа дахин дахин тэмтэрнэ. Энгэр задгай, богино хормойтой даашинз өмссөн үйлчлэгч бүсгүй ширээний дээгүүр хөлчүү эрийн эгц урдаас өндийн чихэнд нь,
-Одоо болно оо. Бэлгээ гээсэн бол би мэдээд авчихна. Хоёулаа манайд очье гэж аяархан шивнэж, айлгүй нь аргагүй жуумалзана. Тэр хоёр ийн ярьсаар Хайсу хэд хэдэн аяга шар айрагны ард гарч, нэлээд мууджээ. Харихаар өндийсөн боловч уусан сархаддаа дийлдэн сандал дээр тархи толгой нь манараад ирлээ.
…Гэнэт сэрсэн Хайсу огт танихгүй айлд унтаж буйгаа мэдэв. Сэмхэн эргэн тойрныг ажвал хажууд нь нүцгэн бүсгүй эрх муужгай шиг цээжийг нь дэрлэн бөх нойрсоно. Хананд өлгөөтэй цаг 07.30 болсныг илтгэн чаг чаг чаг чаг.
Хайсу цээжийг нь налсан бүсгүйн толгойг нэг гараараа өргөн цааш тавиад орноос сэмхэн босч нэг хөл дээрээ догоноцож, унаж босон байж арай хийн өмдөө хайш яйш углаж, хам хум бүсээ бүслэн цамцаа зөрүүлж товчлох зуурт хэзээний сэрсэн эрх муужгай,
-Жаахан унтаад яв л даа. Бэлгээ гүйцэт авмаар байх юм гэж өмд рүү нь гараа сунган сунайхад,
-Ажилтай. Явахгүй бол горьгүй нь гэхээс өөрийг хэлэлгүй гарыг нь түлхээд гутлаа хагас дутуу, зуузай дээр нь гишгэж углаад, өрөөний хаалгыг хаан унтах нохойг нь сэрээхгүй гэсэндээ өлмий дээрээ хөнгөн гишгэлж гүйхээрээ гарч одов.
Сая л нэг санаа амарч, цээж дүүрэн амьсгаа авлаа. Орцных нь шатан дээр зогсоод хувцас хунараа янзлан, өрвийж сэгсийсэн үсээ гараа нулимж байгаад дармагчаа аядаж тэнтэр тунтар алхалсаар гарч одов. Толгой тархи нь дүйнгэтэж савлана.
07,50 цаг. Хайсу ажлынхаа үүдээр “Сайхан амарсан уу” гэсээр орж ирэв. Сурсан зангаараа хүрмээ өлгүүр рүү зүглүүлж шидчихээд ажилдаа орлоо. Ажилдаа ч гэж дээ. Компьютерээ асаангуутаа л мессенжерт оров. Түүнийг мессенжерт оронгуут л Ялгуунаас захидал ирнэ.
-Хэе, хонгор минь.
-Сайхан амарсан уу.
-Санасан шүү, хонгор минь.
-Хэ хэ, би ч гэсэн чамайг санасан. Хэзээ хоёулаа уулзах вэ?
-Уулзана аа. Гэхдээ болоогүй ээ.
-Хэзээ болох юм бэ?
-Чамайг ингээд байвал би уулзахгүй шүү.
-Уучлаарай даа. Би чамтайгаа уулзана гэхээс тэсч ядсандаа л тэр шүү дээ.
-Кккк. Чи харин өөр хүнтэй болж болохгүй шүү.
-Аанхаа гэснээ Хайсу нэг л эвгүй болчихов. Өмнө нь огт ингэж байгаагүй хүн яагаад ингэж асуух болов. Арай намайг мэдчихсэн юм биш байгаа. Намайг мөрдсөн юм болов уу. Хэрэв тийм бол гэхээс нүд нь харанхуйлж, өнгөрсөн шөнийн явдал жирэлзэж, тэсгэлгүй Хайсу,
-Үгүй ээ, үгүй. Чи хараагүй… гээд орилчихов. Түүнийг харж суусан хэлтсийн дарга гайхан хажууд нь очиж,
-Хайсу чи зүгээр үү?
-Уучлаарай, дарга аа. Би, би зүгээрээ. Намайг уучлаарай. Би нэг гарч агаар амьсгалчихаад ирье гэсээр хаалганы зүг харайлгав.
Хайртай бүсгүйгээ хуурчихаад ирсэн дээ гэнэт галзуу хүн шиг орилсондоо нүүр нь халуу шатаж, мэнчийтлээ улайж орхив. Түүнийг байнга л хоргоож, өдөж суудаг нарийн бичгийн дарга хүүхэн,
-Чи чинь солио галзуу тусчихаа юу. Хүн дайрах нь ээ гэсээр цэхэлзэн зөрсөнийг ч Хайсу анзаарсангүй.
Үд дунд…
Хайсу шатан дээр хэсэг чимээгүй суулаа.
-Ахиж хэзээ ч чамайгаа хуурахгүй ээ. Хэзээ ч гэж толгой сэгсэрнэ. Гэхдээ одоохондоо гэрлээгүй байгаа юм чинь өнгөрсөн шөнийн явдал хууран мэхлэлт биш гэж өмөөрнө. Чин үнэнчээр чамтайгаа амьдарна аа…
…Өдөр хоног ч харавсан сум шиг өнгөрч Хайсу ч компьютерийнхээ араас салахаа байв.
Өглөө хамгийн түрүүнд ажилдаа ирж, орой хамгийн сүүлд буцна. Шөнө дунд болохтой зэрэгцээд манаач өвгөн,
-Хүүхээн, одоо харь даа гэсээр орж ирэхэд Хайсу дурамчхан үдэлтээ хийгээд компьютерээ унтрааж ширээнийхээ араас ховхорно. Өдрүүд урсч, шинэхэн дурлалын түүх улам л олон учир шалтгаанаар баяжигдсаар байлаа. Яг л наран сарны солигдол орчил шиг.
Хайсуг уулзах болгондоо эхнэр болох бүсгүйгээ танилцуулахыг ятгах Бат, Цогт хоёроос сүүлдээ залхаж аль болох уулзалтынхаа давтамжийг холдуулна. Утсаар ярихад нь,
-Найз нь өнөөдөр зөндөө ажилтай байна. Дараа л уулзахаас гэдэг болов. Эсвэл ойрд ажил ихтэй ядарч байна аа. Эртхэн харьж амрах минь гэж бултана. Амьдрал, ажил төрөл эх захгүй будлиан самуун мэт санагдана. Далдын нэгэн эргүүлэг, саарал манан будан дунд зүг чиггүй хөвсөөр Хайсуд цаг хугацааны мэдрэмж ч гэж үгүй болж байгааг бүүр түүрхэн анзаардаг болж.
Сүүлдээ Бат л хааяахан ярьдаг болж.
-Байна уу.
-Байна. За сонин юу байна, найз минь?
-Тайван даа. Манай хөдөлмөрийн баатар, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй найзаар сонин юу байна?
-За чи боль доо. Найз нь ажил гээд л ухнатаад сууна.
-Ажил нь гайгүй юу?
-Гайгүй ээ.
-Уулзаж ч амжихгүй л биз дээ?
-Харин найз нь юу, нөгөө юу яах гээд л…
-За за больё доо. Амьд мэндийг чинь л мэдэх гэсэн юм. Дараа болохоос… Ийм л солгой гажуу яриа найзуудын хооронд өрнөнө. Эцэстээ нөхдийн хоорондох энэхүү ан цав нэгмөсөн хөндийрлөөр солигдсон юм.
Ингээд л Хайсугийн дурлалын эзнээс нь өөр хэн ч түүнтэй харилцахаа болив. Хааяа ганц пиво балгачихдаг байсан Хайсу амсахаа ч байв. Түүний амьдралын хэмнэл өглөөд ажил, оройд гэр гэсэн ганцхан жимтэй болов. Гэхдээ Хайсу хамгаас аз жаргалтай. Түүний ажлынхан нь “Ажлын төлөө төрсөн хүн шүү” гэж шивир авир хийнэ. Шинэ оны зааг дээр ажлын амжилтаар илүүрхэж, шагналыг түүх шиг болдог түүнд зарим нь атаархахдаа “Хэнээтэн” гэж хочилно. Тэгсэн хэдий ч тэр бүхнийг үл тоон өглөө болгон аз жаргалтай нь аргагүй, бүр яаран ажилдаа ирэх Хайсуг сайн мэдэх хүмүүс гайхна.
Түүний бүх зүйл нэг л мэдэхэд компьютер, түүний цаадах үл мэдэгдэх бүсгүй хоёроос өөр хэнийг ч юуг ч багтаах зайгүй болж программчлагдсан байлаа.
…Түүний дурлалт бүсгүй холбоо сураггүй таг болоод 10 хоног болов. Эхэндээ хүлээхийн жаргалыг эдлэн мөрөөдөлдөө автан суусан Хайсу сүүлдээ эргэлзэн тээнэглэзэж, санаа сэтгэл нь зовних болов. Уулзаж учирья гэхээр электрон хаяг төдийхнөөс цаашгүй тэр яах ч билээ. Хорвоо ертөнцтэй холбож байсан эцсийн шижим ийнхүү тасрав. Мөнхийн царай нь барайсан, сэтгэл хоосорсон Хайсу амьдын төдий хөшөө барималаас нэг их ялгарахгүй болжээ.
Өглөө
…Чи минь хаана л байна даа. Хаанаас олох вэ чамайг. Хаяг нь ч надад байхгүй ш дээ. Ухаан санаа нь самуурсан амьтан хаягийг нь нэг ч удаа асууж байгаагүй гэж үү дээ. Тийм ээ санаж байна. Асууж байсан шүү дээ. Энд хадгалсан гэж Хайсу сая л нэг түүнийхээ хаягийг олжээ.
-Сэтгэмж… Сэтгэмж гэж хэлж байсан шүү гэсээр гүйн гарав. Түүний царайд инээмсэглэл тодорно. Асууж, сурагласаар “Сэтгэмж” гэх компанийг ч олов. Харамсалтай нь Ялгуун байсангүй.
-Танайд Ялгуун гэдэг эмэгтэй ажилладаг байх ёстой. Түүнтэй уулзах гэсэн юм гэж жижүүрээс нь эхлээд бүгдэд нь хэлж үзэв. Харин хэн ч түүнд хариулт өгсөнгүй. Бүгд л арга саам хийн түүнээс зугтана.
Үдэш…
-Энэ бүхэн нэг л сэжигтэй. Арай эд нар нийлж байгаад Ялгууныг минь… Үгүй ээ, тийм байж таарахгүй. Тэр минь хорхойд ч хоргүй амьтан. Гэхдээ эд нар л ямар нэгэн юм хийснээс зайлахгүй гэж бодно. Энэ бүх бодол нь түүнийг цагдаа руу хөтлөв. Цагдаагийнханд учир байдлаа хэлж, тэр ч бүү хэл харилцаж байсан захиагаа хүртэл нотлох баримт болгон өгөв. Ингээд хэд хоногийг үдэв. Мөрдөн байцаагч ч түүнийг дуудлаа. Сайн мэдээ байгаасай гэхээс тэсч ядна.
-Уучлаарай, таны хэлсэн Ялгуун гэж хүн “Сэтгэмж” компанид огт ажилладаггүй юм байна. Бид бүгдийг шалгаж үзсэн. Тийм нэртэй хүн байхгүй юм билээ.
-Мөрдөн байцаагчаа гарцаагүй байх ёстой. Түүнийг минь тэд нар л үгүй хийснээс зайлахгүй.
-Танд би хэллээ шүү дээ. Энэ компанийн түүхэнд Ялгуун гэж хүн байгаагүй юм билээ.
-Тэгвэл та “IP” хаягийг нь шалгаад үз л дээ. Энэ бүхнийг хаанаас бичсэн байна гэдгийг шалгаад өг л дөө. Түүний төлөө би танд сүнсээ ч өгсөн бэлэн байна.
Ширээний ард шанаагаа тулан суусан байцаагч,
-За яах вэ. Би шалгая. Гэхдээ бүтэлтэй юм олдоно гэдэгт та нэг их найдаад хэрэггүй л болов уу?
-Гялайлаа. Та үнэхээр сайн хүн юм. Олдоно оо, олдоно. Та олж чадна. Хэрвээ та хүсвэл энийг… гэж гараа чичрүүлсэн мөнгө сарвайх Хайсуг харсан мөрдөгч,
-Ингэх хэрэггүй. Би бодлоо өөрчлөхөөс өмнө наадахаа аваад гарч үз… гэж уурлах мөрдөгчийг зангаа хувиргах вий гэхээс үнхэлцэг нь хагарах шахсан Хайсу бушуухан мөнгөө халааслаад гарч одлоо….
Гэтэл нэгэн өдөр түүний ажил дээр шүүхийн зарлан дуудах хуудас ирэв. Түүнийг авчирч өгсөн ширүүн харцтай цагдаа,
-Та Ялгуун гэдэг хүнийг эрэн сурвалжлуулсан гээ биз дээ гэж шоолонгүй өнгөөр асуусанд Хайсу,
-Ялгуун яасан юм бэ, зүгээр үү… гэж арай ядан дөрвөн үг холбон хэлэхдээ эрүү нь хөдөлж ядан чичигнэв.
-Зүгээр зүгээргүйг нь очоод мэдээрэй. Та заасан хугацаанд хоцролгүй очно шүү… гэхээс өөрийг хэлсэнгүй. Хайсугийн толгойд эмх, цэгцгүй бодол түгшүүрийн дохио шиг эргэлдэнэ. Ялгуун сураг тасарсанаас хойш угаас унд, хоол ч хоолойгоор нь давхаа больсон түүнд энэ үг итгэлийн бяцхан зулыг асаасан, басхүү лантуудаад авах шиг болов. Хайсу ажлаасаа яаж гарсанаа ч мэдсэнгүй. Гуйвж, дайван эгээтэй л галзуу хүн мэт замаар явсан Хайсу юуг ч үл анзааран гэлдэрнэ…
…Дийд-дийд гэж дохиогоо хангинуулах машин түүнийг сая ухаан оруулав.
-Чи чинь мангар юм уу гэх жолоочийг харах Хайсуд түүний яриа хагас хугас сонсогдов. Омголтсон уруулаа арай ядан хөдөлгөж,
-Уу-члаа-рай гэж амандаа бувтанасаар бушуухан зам гарав.
…Намрын зэвэргэн үдэш толгойгоо салаавчилан суух Хайсу дэмий л шүүхийн зарлан дуудах хуудаст тэмдэглэсэн өдрийг байн байн харж, хурдан болоосой гэхээс тэсч ядна. Шүүхийн хуудаст Хайсуг гэрчээр татсан бөгөөд Ялгууны ажилладаг “Сэтгэмж” компанийг хариуцагчаар татжээ. Хайсу гэнэт айлаа. Сэтгэмж, гэрч. Энэ хоёр ямар холбоотой билээ. Арай тэрнийг минь тэд… Үгүй ээ, бурхан чи түүнийг хамгаалах ёстой. Үгүй, тийм байх ёсгүй…
…Шөнөжин цурам хийлгүй хоносон Хайсу шүүх рүү нэг ч алхам алхмааргүй байсан ч очих ёстой гэж шийдлээ. Хувцасаа хам хум өмсөөд,
-Муу зүйл битгий болоосой. Бурхан минь чи л бүгдийг шийддэг шүү дээ… гэсээр гарлаа.
Шүүх хурал эхэллээ.
Шүүгч Хайсугаас хэдэн жилийн өмнөөс Ялгуунтай харилцдаг байсан, эхнэртэй эсэх, хэр дотно болсон зэргийг асуух ч юу болсон бэ гэдгийг огт хэлэхгүй нь хачин. Харин хариуцагч компанийн удирдлагууд Хайсуд мөнгө амлаж, Ялгууныг таньдаггүй, тийм хүн мэдэхгүй гэж хэлэхийг гуйна. Ингэхдээ Ялгуун яасан талаар бас л цухуйлгахгүй. Энэ мэтээр шүүх хурал хоёр сарын турш сунжирав. Энэ хугацаанд Хайсу гэрч бус хохирогч болж, өөр хэдэн мянган хүн түүний адил хохирогч болсон байв…
Шүүх хурал ч шувтарах шатандаа орлоо. Хачирхалтай нь Ялгуун гэж хүн хорвоод огт байгаагүй гэдгийг Хайсуд хэлэх нь тэр.
-Яалаа гэж. Тийм зүйл огт байх ёсгүй. Түүнтэйгээ би 20 жил жаргал, зовлонгоо хуваалцсан. Бид бүр гэр бүл болохоор төлөвлөж байсан гэж цурхиран уйлах Хайсуг хохирогчоор татсан нь нэг л учиртай. Шүүгч ч хэргийг танилцуулав.
-“Сэтгэмж” компани нь автомат хариулагч бүхий хуурамч хаяг зохион олон мянган иргэдийн сэтгэл, санааг хуурч, мөнгө олж байсан нь нотлох баримтаар тогтоогдлоо. Тиймээс “Сэтгэмж” компанийн бүх эд, хөрөнгийг хураан авч хохирогч Хайсу болон … иргэдийн хохирлыг мөнгөн дүнгээр тооцон барагдуулах болно гээд Хайсуг өөрийн хохирлыг хэд гэж тооцоолж байгааг асуув.
Үүнийг сонссон Хайсу гэнэт инээж,
-Үгүй ээ, би хохирогч биш. Би ямар ч Ялгуун гэж хүнийг танихгүй. Ялгуун чамайг хараал идэг. Ямар ч Ялгууныг би танихгүй ээ… гэж галзуу хүн шиг хашгирсаар тэрий хадан унав. Эрүүл хүн аймаар муухай инээх Хайсугийн инээд цурхиран уйлахаар солигдов.
-Та нар бүгд солиорчихож. Бүгдээрээ солиорчээ… Солиорчихож гэсээр Хайсу гарч одлоо.
…Хэдийнэ ажлын цаг дуусч, бүгд гэртээ харьсан ч Хайсу ширээнийхээ ард завгүй тог тог хийн компьютерийн товчлуурыг тоншин сууна.
-Би чамд хайртай. Биднээс бусад нь бүгд солиорчихож… гэсэн хоёрхон өгүүлбэрийг л тэр дахин дахин давтан шивнэ. Хайсуд энэ хорвоогийн бүх зүйл утгагүй мэт санагдаж, түүний нүдийг өшөө хорсол, уур хилэнгийн түнэр харанхуй нөмөрчээ. Олон хоногийн нойр хоолгүй өнгөрөөж, сахал, үсээ ч засахаа байсан түүнийг харсан хэн боловч нуруугаар нь хүйт оргим.
…Хайсу арай ядан гэртээ ирлээ. Хэрэвзээ шүүгчийн хэлсэнчлэн тэр хохирогч болсон бол түүний бүх амьдрал ямар ч утгагүй, автомат хариулагчийг хайрлан хайран насаа өнгөрөөсөн болно. Тийм бол дэндүү харамсалтай. Тэрийг батлана гэдэг байж боломгүй гутамшиг. Шүүхийн шийдвэрээр тэр тэднийг ялсан ч бодит амьдралд ялагдал хүлээнэ. Аль ч тохиолдолд Хайсу ялагдал хүлээх учраас эсцийн амьсгалаа хураан хураатлаа төсөөллөөрөө амьдрах л үлджээ.
Шөнө дунд…
Хайсу гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болсон Ялгууныг сэтгэлдээ ургуулан төсөөлөх тэр мөчид бүхнээс илүү жаргалтай хүн шиг хорин жилийн өмнө Ялгуунд зориулан авсан даашинзаа тас тэврэн инээмсэглэсээр хөшив. Түүнийг яасан, хаачсан эсэхийг хэн ч мэдсэнгүй. Доголон нулимс ч дусалсангүй. Хайсугийн араас эмгэнэх мэт цор ганц зүйл л түүнтэй хамт чимээгүй болов. Хайсуг амьдарсан гэдгийг гэрчлэх мэт тэрхүү цагийн урт, богино зүү 12-ыг заан зогсчээ. Энэ үесд компьютерийнх нь дэлгэц дээр “I love you”…, “I love you” гэх томоос том бичиг тасралтгүй цуварч эцэстээ бүх хүмүүсийн дэлгэцэнд халдварлан унтарлаа.