
Төв аймгийн Засаг даргын 2011 оны 454 дүгээр захирамжинд аймгийн Шагайн харвааны сургалт бэлтгэлийн танхим ажиллуулах зориулалтаар Зуунмод сумын нэгдүгээр багийн нутагт 100 м2 талбай бүхий газрыг Шагайн товчоонд эзэмшүүлэхээр захирамжилжээ. Энэ дагуу эзэмшлийн газар дээрээ сургалт бэлтгэлийн байрны шав тавих ёслол өнгөрсөн пүрэв гаригт боллоо. Аймаг дахь шагай харваачид энэхүү баярт үйл явдалдаа идэвхтэйгээр оролцлоо. Ийнхүү аймгийн Шагай харваачид жилийн дараа гэхэд бэлтгэлээ хийх байртай болох нь ээ. Харваачид маань бэлтгэл хийх байртай болсноор тэдний ур чадвар сайжирч, хойч залуу үедээ шагай харвааны эрдэм ухааныг зааж сургах мөн улсын чанартай тэмцээн уралдаанд манай аймгийн харваачид оролцож илүү өндөр амжилт үзүүлэх ач холбогдолтой юм.
Г.Хишигсүрэн