Өсвөрийн шатарчдад баяр хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдад баяр хүргэлээ

Улсын
Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Сонирхогчдын шатрын насанд хүрэгчдийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн өсвөрийн
шатарчин Б.Ану, С.Билгүүн нарыг аав, дасгалжуулагчийн нь хамт өнөөдөр
хүлээн авч уулзаж баяр хүргэв.

Туркийн Анкара хотноо болсон энэ
удаагийн тэмцээнд дэлхийн 16 орны 16-60 гаруй насны 70 гаруй шатарчин
оролцсоноос манай өсвөрийн хоёр шатарчин алтан медальтай иржээ. МУИС-ийн
Мэдээллийн технологийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Ану 2008
онд сурагчдын дэлхийн аваргын мөнгө, 2010 онд Америкийн бүх охидын
шатрын аварга болж байсан бол энэ жил сонирхогчдын дэлхийн аваргад
насанд хүрэгчидтэй өрсөлдөж аварга болжээ. Энэ тэмцээний аваргын алтан
медаль хүртсэн нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийн есдүгээр ангийн
сурагч С.Билгүүн хүү энэ зун Дубайд болсон олон тэмцээнээс бас алтан
медаль хүртсэн байна.

УИХ-ын дарга өсвөрийн шатарч С.Билгүүн
хүүгээс хэдэн настайдаа шатар сурсан, бэлтгэлээ хэрхэн базаадаг талаар
сонирхож асуухад “Долоон настайдаа аав, өвөө хоёрыгоо шатар тоглож
байхыг хараад сурмаар санагдаж шатар заалгаж эхэлсэн. Дасгалжуулагч,
шатрын их мастер Д.Шаравдорж багш маань байнга хэлж зөвлөж байсан
болохоор сандралгүй тоглосон. Ирэх онд болох өсвөрийн шатарчдын дэлхийн
аваргын тэмцээнд түрүүлэхийн тулд сайн бэлтгэнэ” гэлээ. Мөн өсвөрийн
шатарч Б.Ану байнга дэмжиж тусалж, зааж зөвлөж байдаг аав, дасгалжуулагч
Д.Шаравдорж багшдаа их баярлаж явдгаа хэллээ.

УИХ-ын дарга
өсвөрийн шатарчид, тэдний аав, дасгалжуулагчид баяр хүргэж хэлэхдээ 
“Монголын шатарчид, тэр дундаа өсвөрийн шатарч охид, хөвгүүд маань эх
орныхоо нэр алдрыг дэлхийн тавцанд ийнхүү гаргаж байгаад баяртай байна.
Манай шатарчдын энэ амжилт нь монгол хүний оюуны царааг илтгэж буй нэг
том баримт юм” гээд дурсгалын зүйл гардууллаа гэж УИХ-ын Тамгын газрын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
мэдээлэв. 
                          
     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж