Монголын бүтээн байгуулалтад 68 тэрбум ам.доллар хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Монголын бүтээн байгуулалтад 68 тэрбум ам.доллар хэрэгтэй

Монгол улс эрдэс баялгийн нөөцөөрөө дэлхийд хэдийнэ танигдсан. Харин энэхүү баялагтаа түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх тухай олон улсын туршлагаас судлан эрэлхийлсээр байгаа билээ. Тиймдээ ч салбарын чиглэл бүрээр олон улсын чанартай тусгай чуулга уулзалтуудыг ойр ойрхон зохион байгуулах болсон.
Манай улсад алт, зэсээс гадна молибден, цайр, хөнгөн цагаан зэрэг металлын ихээхэн нөөцтэй 500 орчим ордыг тогтоосон байдаг. Хар төмөрлөгийн таамагласан нөөц нь 14 тэрбум, батлагдсан нөөц нь 660 сая тонн ажээ. Уул уурхайн баялаг өгөөжөө өгч эхлээд буй энэ үед металлургийн салбар манай улсын эдийн засагт томоохон үүрэгтэй байх талаар “Metals Mongolia 2011”  чуулга уулзалт дээр онцлов. Салбарын одоо ба ирээдүйг тодорхойлох,  хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд сөрөг нөлөө бага шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилготой тус чуулганд нийт 28 илтгэл тавигдсан юм.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт  “Хүнд үйлдвэрийн салбарт  200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан тохиолдолд Тогтвортой байдлын гэрээ байгуулна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Р.Коппа мэдэгдэлдээ Монголд 1000 гаруй км хурдны зам барих асуудал яригдаж буй тухай хөндөв. Худалдаа хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал О.Орхон Монголын бүтээн байгуулалтад нийт 68 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тойм судалгааг танилцуулав. Тухайлбал, Хангайн бүсээс Говийн бүс рүү яндан хоолойгоор ус шахад 400 сая,  1100 километр төмөр зам тавихад дөрвөн тэрбум ам.доллар тус тус шаардлагатай ажээ. Тэрбээр "Сайншанд”, “Шинэ бүтээн байгуулалт” гээд маш олон хөтөлбөр бий. Эдгээрийг хэрэгжүүлэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг  онцлон тэмдэглэсэн юм.

Металлургийн үйлдвэрлэл, экспортоор Зүүн Азид тэргүүлэгч Казахстаны төрийн өмчит “Тау Кен Самурык” компанийн захирал Вячеслав Сон өөрийн улсын металлургийн салбарын туршлагыг ярьсан юм. Казахстан нь одоогоор хөнгөн цагаан, молибден, цайр зэрэг металлыг олборлодог бөгөөд металл түүхий эдийн 55 ордын нөөцийг тогтоосон байна. Одоогоор үүнийхээ ердөө 20 хүрэхгүй хувийг ашиглаж буй ажээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн  хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат, Монголбанкны төлбөрийн тэнцлийн статистик судалгааны хэлтсийн дарга С.Болд, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Жим Дуайр болон Японы Кобе Стийл компанийн ахлах менежер Шохэй Яошида зэрэг хүмүүсийн илтгэл мөн шинэ мэдээ мэдээлэлтэй, онцлог байв. 

Металлургийн үйлдвэрлэл нь хурдацтай хөгжлийг авчирсан жишээг манлайлсан улс орон дэлхийд цөөнгүй бий. Монгол улсад ч эдийн засгийн  ийм “тэсрэлт” өрнөх боломж бийг “Metals Mongolia 2011” олон улсын анхдугаар чуулга уулзалтын үр дүн харууллаа.
 
Э.Од
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж