Хаврын чуулган ба эдийн засгийн хувьсгал

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хаврын чуулган ба эдийн засгийн хувьсгал

Манай улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ гэж эдийн засагч, улс төрчид дүгнэж буй. Угтаа эдийн засаг их хэмжээгээр тэлэх нь байна шүү гэж хэлээд байгаа хэрэг. Монголын эдийн засаг үсрэнгүй тэлэхэд бэлэн болоод байна. Тэлэлтийн тийрэлт нь уул уурхай. "Оюутолгой" ордыг 2013 оноос ашиглаж эхлэхэд л төрд их хэмжээний мөнгө орж ирнэ.

"Эрдэнэт" үйлдвэр манай улсын төсвийн 3040 хувийг бүрдүүлдэг гэхээр хэд дахин том "Оюутолгой" ашиглалтад орохоор мэдээж илүү их орлого оруулна. Нэг л жишээ дуулгахад ийм байна. Дээрээс нь нүүрснээс олох орлогоо тооцвол бүр талийж өгнө биз.

Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулах "Сайншандын хүнд аж үйлдвэрийн парк", хот байгуулалтын "Шинэ бүтээн байгуулалт" гэхчлэн томоохон мөнгө шаардах төслүүдийг эхлүүлэхээр зэхээд байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд нийтдээ 18 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тойм тооцоо гаргаад буй. Томоохон төслүүдийг хурдан хугацаанд хийхэд жил бүр хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шаардлагатай.

Энэ төслүүдийн хэрэгжүүлэгч, гол тоглогч нь хувийн хэвшлийн компаниуд байх нь тодорхой. Угаасаа ч Засгийн газар хувийн хэвшилд эрсдэлийг нь үүрүүлэх бодлого барьж байгаа. Хувийн хэвшлийнхэн хаанаас энэ төслүүдийг босгох мөнгө олох вэ. Мэдээж гадаадын хөрөнгө оруулалт татаж болно, зээлээр санхүүжүүлж болно, гадаад дотоодын хөрөнгийн захаас мөнгө босгож болно. Санхүүжилтийн хэлбэрийн хувьд хамгийн гол нь сонголт.

Манай улсад арилжааны банкнаас өөр хөрөнгө оруулалтын хэлбэр зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дорвитой хөгжөөгүй. Гэтэл манай арилжааны банкуудад том төсөл санхүүжүүлэх тамир алга. Тиймээс хувийн хэвшлийнхэн санхүүжилтийн аль нэг хэлбэрийг ашиглан гадаадын хөрөнгө оруулалт татахаас өөр гарцгүй боллоо. Гадаадын хөрөнгө оруулагч манай төслүүдийг санхүүжүүлж ашгаас нь хүртэхээс буцахгүй байгаа нь харагдаж байна. Нэг талаас санхүүжилт авах, нөгөө талаас хийх сонирхол нэгэн цэгт давхцаад байхад өөр юу нь болохгүй байгаа юм бэ гэж. Энэ хоёрын дунд итгэлцэл бий болгох, зохицуулалтыг нь хийж өгөх үүрэгтэй төрийн машин маш удаан ажиллаж байгаа нь төслүүдийг гацааж мэдэх нь.

Сангийн дэд савд Ч.Ганхуяг том төслүүдийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкийг байгуулж, хуулийг нь батласныг "Эдийн Засгийн хувьсгал хийсэн намрын чуулган" гэж дүгнэж байна. Тэгвэл энэ хаврын чуулганаар ч УИХ-ын гишүүд хувьсгал хиймээр байна. Та бүхэнд эдийн засгийн хувьсгал хийхийг уриалъя. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталмаар байна, гишүүд ээ. Монголд 40 орчин хөрөнгө оруулалтын сан ороод ирчихсэн хууль батлагдаасай гээд хүлээж байгаа. Бас MICC гэсэн анхны хөрөнгө оруулалтын банк байгуулагдлаа. Хөгжлийн банкийг Арилжааны банкны тухай хуулиар зохицуулж болохгүй байсан.

Хөрөнгө оруулалтын банк байгуулах эрх зүйн орчин бүрдсэн үү. Кастодын банкны үйлчилгээ үзүүлэх талаар ярьж эхэллээ. Энэ үйлчилгээг зохицуулах хуулийн заалт бий юу. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулна, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн олон талын байр суурийг илэрхийлэгдсээр байна. Хөрөнгө оруулагчид хууль яаж өөрчлөгдөх нь вэ гээд хараа тавьж байгаа нь дамжиггүй. Хөрөнгө оруулагчдыг үргээчихгүй хууль батлах нь хэн хэнд нь ашигтай цаг сан. Санхүүгийн байгууллага, ялангуяа хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын чансаа сул байгаа.

Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв гэсэн хөрөнгийн зах зээлийн гол судас Засгийн газрын мэдэлд байгаа. "МХБ"-ийн ТУЗ-ийн дарга Б.Болд "Хөрөнгийн биржийн мэдээллийн технологийг солиход 13 тэрбум төгрөг шаардлагатай. ҮЦТТТХТ бол манай сантехник. Энэ байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад төр анхаарах хэрэгтэй" хэмээсэн. Төрийн шийдэх ийм ийм асуудлууд шил шилээ дараад хүлээж байна. Энэ бүгдийг шийдчихвэл хаврын чуулган эдийн засагт жинхэнэ хувьсгал хийнэ дээ.

Т.Энхбат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж