Израйль Палестины татварын шилжүүлгийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Израйль Палестины татварын шилжүүлгийг зогсоов

Палестиныг ЮНЕСКО-гийн гишүүн болсныг эсэргүүцэж, Израйль тус улсад ажилладаг Палестинчуудын татварын мөнгийг шилжүүлэхээ зогсоожээ. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад гишүүнээр элссэн нь Палестины тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх өргөн хүрээтэй дипломат аргын нэг юм. Хэдийгээр Израйль, АНУ үүнийг эсэргүүцэж байсан ч өнгөрсөн даваа гаригт Палестиныг ЮНЕСКО-гийн гишүүн болсныг зарласан билээ. ЮНЕСКО-гийн энэ шийдвэрийг АНУ эсэргүүцэж, тус байгууллага дахь санхүүжилтээ зогсоосон. АНУ тус байгууллагын жилийн төсвийн 25 хувийг бүрдүүлдэг байсан юм. Дээрхийн нэгэн адил Израйль Палестинчуудын татварын мөнгийг шилжүүлэхээ зогсоосон тул Ерөнхий сайд нь лалын шашинтнуудын баярын өмнө иргэдийн цалинг банкнаас зээл авч өгсөн ажээ. ЮНЕСКО-д гишүүнээр элссэн Палестин НҮБ-ын бусад агентлагуудад элсэхээр төлөвлөж байна гэдэг яриа гарсны дараа өчигдөр Францын Канн хотод эхэлсэн дээд хэмжээний уулзалтаар Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Хэрэв Палестин НҮБ-ын бусад агентлагуудад элсэх гэж оролдвол дэлхийн олон сая хүнд тусалдаг НҮБ-ын хүмүүнлэгийн сангийн санхүүжилт алга болно” гэж мэдэгдсэн байна.

Харин Палестины гадаад хэргийн сайд тус автономит улсад НҮБ-ын бусад агентлагуудад гишүүнээр элсэх төлөвлөгөө байхгүй. Гэвч Палестин энэ сарын сүүлээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандах болно гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж