“Бодлын хулгайч” Дархан-Уул аймагт гарна

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

“Бодлын хулгайч” Дархан-Уул аймагт гарна

Яруу
найрагч Г.Аюурзана “Бодлын хулгайч” киног үзсэнийхээ дараа сэтгэгдлээ
ийн илэрхийлжээ. “Би энэхүү киног дөрвөн шалтгаанаар үзсэн. Нэгдүгээрт,
кино зохиолыг нь сэтгүүлч Д.Төрмөнх бичсэн. Хоёрдугаарт, найруулагчаар
нь Ж.Сэнгэдорж ажилласан. Гуравдугаарт, гол дүрд нь жүжигчин
Б.Амарсайхан тоглосон. Дөрөвдүгээрт, энэ кино бол “90 сая”-ын
Б.Гансүхийн амьдралаас сэдэвлэсэн сургамжит түүхэн бүтээл” гэж. Үнэхээр ч
нийслэл хотынхон Монголын кино урлагийн хөгжилд нэн шинэ хуудас нэмсэн
“Бодлын хулгайч” киногоор амьсгалж байна. Учир нь “Өргөө”, “Тэнгис”,
“Соёмбо” кино театр олны хөлд дарагдаж, танхимд нэг ч хоосон суудал
байсангүй. Инээх, уйлах, чив чимээгүй болох, бас нижигнэсэн алга ташилт…
Энэхүү кино нээлтээ хийсэн өдрөөс эхлэн их хотын кинотеатруудад ийм л
уур амьсгалж зонхилж байна. “Бодлын хулгайч” киног хараахан үзэж
амжаагүй яваа уншигчдадаа дуулгахад энэхүү бүтээл www.bodliinhulgaich.mn
гэсэн албан ёсны вэб сайттай болжээ. Тиймээс уг цахим хуудаст зочилж,
киноны талаарх бүх мэдээллийг авах боломжтой. Өөр нэгэн мэдээ гэвэл,
“Бодлын хулгайч” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан өнөөдөр
Дархан-Уул аймгийг зорьж киноныхоо нээлтийг хийх гэж байна. Тус аймгийн
театрын жүжигчид уг киноны туслах дүрүүдийг тун чадварлаг бүтээсэн юм.
Үүнээс гадна жүжигчин залуу маань кино зураг авалтын зарим хэсгийг
хийсэн Дарьт дахь чанга дэглэмтэй хорих ангийнханд киногоо үзүүлнэ. Мөн
Эрдэнэт хотод ч ажиллах юм байна. Энэхүү киноны зураг авалтад 300
хоригдол оролцсон билээ. “Бодлын хулгайч” киног үзсэн жирийн үзэгчдийн
сэтгэгдлийг сонирхоход тэд “Дээхнэ үед Хойд Солонгосын “Хон Гил Дон”
хэмээх кино Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан. “Бодлын хулгайч”
кино тэр үеийг эргэн санууллаа. Хүмүүст ухаарлыг мэдрүүлж, нэгийг
бодуулсан үнэхээр сайн бүтээл болжээ” гэлээ.  

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж