Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн
Сайд Ц.Нямдоржийг огцруулах бичиг хүргүүлнэ
“Амлалт нэхэх ард түмний холбоо” болон “Монгол хас” холбооныхны зүгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай саналаа УИХ-ын гишүүдэд хүргүүлэхээр болжээ. Ийм үндэслэлийг тавих болсон нь Цагдаагийн байгууллагын тухай багц хуулийн төсөлтэй холбогдуулан тавьж буй аж. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд түүнд тусгаснаар нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн нөхцөлд Цагдаагийн байгууллага нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар гээд хүчний байгууллагуудын туслалцааг авна. Түүнчлэн галт зэвсэг ашиглах болж буй билээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч онц байдал зарласан нөхцөлд гэж тусгасан байдаг. Гэтэл ирэх онд сонгууль болох учраас ямар ч нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнд урьтаас бэлтгэн ард түмний эсрэг буу шагайлгуулах гэж буй нь яавч байж болзошгүй гэж дээрх холбооныхон үзсэн байна. Тиймээс УИХ-ын бүх гишүүний нэр дээр сайд Ц.Нямдоржийг дээрх үндэслэлээр огцруулах санал гаргасан захидал хүрэх аж. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, З.Энхболд нар гардаж авчээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд дээрх хуулийн төслийг Засгийн газарт буцаах санал баримталж буй аж. Тиймээс нэг талдаа сайд Ц.Нямдоржийг огцруулах бичиг нэг их эрчтэй явж чадахгүй байх магадлалтай гэнэ. Г.Дарь