Тендерийг Сангийн сайд хариуцахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Тендерийг Сангийн сайд хариуцахыг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Энэ асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын цагийн дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж тогтсон юм.

Дээрх тогтоолын хүрээнд төрийн албаны худалдан авах үйл ажиллагааг Сангийн сайд хариуцдаг байхаар хуул эрх зүйн зохицуулалт оруулж ирснийг УИХ-ын гишүүд эсэргүүцлээ. Учир нь өнгөрсөн хугацаанд тендэртэй холбоотой олон маргаан гарч байсан цэгцлэх зорилгоор яам бүр тендэр зарладаг байсныг болиулж энэ үйл ажиллагааг Төрийн өмчийн хороо зохион байгуулдаг болгохоор зохицуулалт хийх нь зүйтэй хэмээн УИХ-ын төвшинд үзжээ. Тиймээс Засгийн газарт үүрэг өгч,  хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн байна. Гэвч Засгийн газраас боловсруулсан дээрх тогтоолд тендэр зарлах үйл ажиллагааг Төрийн өмчийн хороо бус Сангийн сайд хариуцдаг байхаар оруулж ирсэн нь эргээд хяналт тавих боломжгүй болгожээ.  Дээрээс нь нэг агентлаг бий болгоно. Агентлаг нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байгуулагдана. Агентлаг бүр нь даргатай, дарга бүр нь туслахтай. Хажуугаар нь ажилтан албан хаагчид, цэвэрлэгч харуулаас эхлүүлээд нүсэр бүтэц рүү хөтөлнө. Энэ нь эргээд татвар төлөгчдийн мөнгөнөөс улсын төсөвт төвлөрсөн хөрөнгийг эргүүлээд байр сууц барих, унаа машин хөлөглөхөд зарцуулахаас эхлүүлээд асар их үргүй зардал руу чиглүүлж байгаа учраас агуулгынх нь хувьд өөрчлөх шаардлага байна гэж олонхи гишүүн үзлээ. Гэхдээ энэ асуудлыг дэмжих эсэхийг үдээс хойш санал хураалтаар шийднэ.

Ер нь гишүүдийн хэлж буйгаас үзвэл Төрийн өмчийн хороо тендэр зарлаад явах бүрэн боломжтой гэнэ. Жил ирэх тусам хувьчлах төрийн өмчийн обьект багасч байгаа. Энэ хэрээр ажил нь хөнгөрч буй аж. Үүнийг нь Засгийн газар мэдсээр байж Сангийн сайд тендэртэй холбогдох ажлыг хариуцахаар оруулж ирсэн нь хардлага төрүүлж байна шүү гэх үгийг чулуудахад хүргэж байв. Олон улсын жишгээр бол Төрийн өмчийн хороо нь тендэр зарлаад явдаг тохиолдол олон ажээ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж