Шинийн зургаанд шинэ өргөөгөө барина

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Шинийн зургаанд шинэ өргөөгөө барина

Төрийн ордон гадна дотроо хоёр өргөө цагаан гэртэй болж байна. Уг нь өмнө нь Төрийн ордны дундах зайд ёслол хүндэтгэлийн өргөө гэртэй байсан юм. Аль 1990-ээд оноос бариастай байсаар өнгө зүс алдаж, халз хээ нь гандсан өргөөгөө шинэчлэн, “Алтан өргөө” киноных шиг гурван давхар байшинтай дүйх өндөр цагаан өргөөг хаврын дунд сарын шинийн зургааны өлзий бэлгэт Хөх хулгана энэ өдөр барихаар болжээ. УИХ-ын эрхэм гишүүн бүр унинаас нь өлгөлцөх их сонирхолтой байгаа гэнэ.

Төрийн ордны Чингисийн Ёслол хүндэтгэлийн цогцолборыг ашиглалтад оруулахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн байрладаг тавдугаар давхарт эрдэнэсийн чулуун шигтгээтэй бас нэг өргөөг барьсан юм. Байшин доторх эл өргөөнөөс ялгаатай нь ордны дундах зайд босгох шинэ өргөө галтай байх гэнэ.

Хуучин өргөө ёс болгож тулгатай байсан. Харин ёс мэдэхгүй гадаад зочид айлчлах үед дагалдаж ирсэн сэтгүүлчид нь тулга дотор гишгэх зэргээр ёс бус тохиолдол гарч байв. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа 2000 онд Монголд айлчлахад орос сэтгүүлчид тулган дотор гишгэж, Төрийн ордон доторх есөн хөлт их цагаан тугийг налж суух зэргээр дураараа авирлан монголчуудын дургүйг хүргэж байсан билээ. Шинэ өргөө зай ихтэй учир тиймэрхүү ёсгүй зүйл дахин гарахгүй байх гэж ордныхон ярьж байна. Харин шинэ өргөө галтай байна гээд гал өрдөж утааны эх үүсвэрийг нэгээр нэмэхгүй байгаа?

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж