Мөнгөний бодлогыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогыг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 40 гишүүнээс 31 нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэнээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Гэхдээ энэхүү мөнгөний бодлогод гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Хэрвээ Монгол Улсын 2012 оны төсвийн зарлагыг бууруулж өгөхгүй бол мөнгөний 2012 оны бодлогыг одоо оруулж ирсэн хэлбэрээр УИХ-аас батлан гаргах боломжгүй. Инфляци ямагт зовоож төв банк бодлогын хүүгээ өсгөн эцсийн дүндээ энэ нь бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч бодит эдийн засгийг туйлдуулна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын хувьд УИХ-ын 2008 оны амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд бэлэн мөнгө ихээр цацсан, баялаг бүтээгчдийг туйлдуулсан, төрийг данхайлгасан нэг үгээр хэлбэл хэтэрхий сонгуульжсан төсөв оруулж ирсэн байгаа нь Монгол Улсын 2012 оны төсөв, 2012 оны мөнгөний бодлого хоёрыг ямар ч уялдаа холбоогүй болгож байна. Тийм учраас байнгын хорооны төвшинд сайн ажиллах шаардлага байна. Ер нь ирэх оны төсөв бол сонгуулийн төсөв биш бодлогын төсөв байх ёстой гэсэн саналыг ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэллээ. Үүнтэй УИХ-ын дарга Д.Дэмбэрэл санал нэг байгаагаа онцоллоо. Мөн УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Үлдсэн цаг хугацааг ашиглаад төсвийн зардлыг хянаж, үйлдвэрлэлийн зээлийг яаж дэмжих вэ, үйлдвэрлэлийн бус зээлийг яаж хязгаарлах вэ гэдгийг хянах” хэрэгтэй байна гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Батсуурь “Монголбанкны хувьд импортын инфляцид судалгаа хийх шаардлага байна” гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж