Ирланд элчин сайдын яамаа хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Ирланд элчин сайдын яамаа хаажээ

Ирландын Бүгд найрамдах улс Ватикан дахь элчин сайдын яамаа хаах шийдвэр гаргажээ. Тус улс Ватикан хот болон Иран, Зүүн Тимор дахь элчингээ татвал жилд 1.7 сая ам.доллар хэмнэнэ гэж үзсэн байна. Гэхдээ  Дублины эрх баригчид Ватикан дахь элчингээ татах болсон нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэгдэж буй Ромын папын хэрэгтэй огт холбоогүй гэжээ.

Өнгөрсөн долдугаар сард Ирландын хэвлэлээр шуугиан дэгдээсэн Ромын паптай холбоотой хүүхэд хүчирхийллийн гэмт хэргийн тухай нийтлэлүүдийг Ватикан үгүйсгэсэн билээ. Энэ явдлын дараа Ватикан дээрх нийтлэлийн үр дагаварын талаар хэлэлцэхээр Дублинд бие төлөөлөгчөө илгээсэн юм. Ирландын гадаад хэргийн сайд “Ирландын Засгийн газар Европын холбоо, ОУВС-ын дэмжлэгтэйгээр эдийн засгаа аврахын тулд авч буй арга хэмжээний нэг хэсэг нь төсвөө танах бодлого” гэж мэдэгдсэн байна. Хүн амын дийлэнх хувийг католик шашинтнууд эзэлдэг Ирланд улс Ватикантай найрсаг харилцаатай орнуудын нэг бөгөөд 1929 онд элчин сайдын яамаа нээсэн ажээ. Ирланд Ватикан дахь элчин сайдын яамаа хаах болсонд тус улс дахь Ромын католик сүмийн тэргүүн сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр "Ирланд энэ шийдвэрээ эргэж харна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж