
Дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолт энэ сарын 24, 25, 26-нд УБ Паласын их танхимд болно. Уйгагүй хөдөлмөрч, манлайлагч тэрбээр өөрийн тоглолтод олон хамтлаг, дуучин урьдаггүй. “Миний тоглолт учир би байх ёстой“ гэсэн хатуу зарчим барьдаг гэсэн. Харин энэ удаагийн тоглолтод “Монгол поп” цомог, мөн 2006 оноос хойш бие даан гаргасан бүх хит дуунуудаа дуулна гэдгээ хэлсэн. Тиймээс К.Номинжинтой хамтран дуулсан “Хэзээ”, Э.Агиймаатай амьдруулсан “Хайрлах хүсэл”, “Би чамд хайртай-2” киноны дуунуудаа тоглолтод нь багтана гэж фенүүд нь найдаж байна.
“Монгол поп” тоглолтын өмнөхөн “My duets” шинэ цомог худалдаанд гарахад бэлэн болжээ. Энэхүү цомогт “Шуранхай”, Эгшиглэнгээс эхлээд хамгийн сүүлд “Гурван охин”-ы Солотой хамтарсан “Хагацаж чадах уу” зэрэг арав орчим дуэт багтсан байна. Энэ хугацаанд Д.Болд “Шуранхай”, Э.Агиймаа, К.Номинжин, Соло, Эгшиглэн, хип хоп “Шоо” хамтлаг, Б.Маралжингоо, Аниураа, н.Оюун-Эрдэнэ зэрэг хамтлаг дуучидтай хамтран ажилласан байна. Тэдний ихэнх нь Д.Болдын фенүүдийн дуртай дуунууд билээ.
М.Урин