
Энэ үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг “намын санхүүжилт ил тод, цэвэр, нээлттэй байх ёстой” гээд үүний тулд нээлттэй хандивын санг бий болгож буйгаа онцоллоо.
Эдийн засгийн хувьсгалыг санхүүжүүлэхийн тулд www.handiv.mn цахим хуудсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж болох аж. Тухайлбал, Мобикомын хэрэглэгч 95142020, Скайтел 96592020, Юнител 89152020, Жи-Мобайлын хэрэглэгч 98152020 дугаарт нэгж илгээх, 142020 тусгай дугаарт овог нэрээ илгээж хандив өргөх боломжтой гэнэ. Дэмжигч иргэн жилд нэг удаа хоёр сая хүртэлх төгрөг, харин аж ахуйн нэгж байгууллага жилд 20 хүртэлх сая төгрөгийн хандив өгч болох гэнэ. Гэхдээ Улс төрийн намын тухай хуульд заасан Монгол Улсын иргэд нэг удаа нэг сая төгрөг хүртэлх, үндэсний аж ахуйн нэгжүүд 10 сая төгрөг хүртэлх хандив өгөх боломжтой гэсэн хуулийн хязгаарлалтыг мартаж болохгүйг сануулж байлаа. Тэрээр “Аливаа намын санхүүжилт далд биш ил тод, бохир биш цэвэр, хаалттай биш нээлттэй байх ёстой. Тиймээс манай нам гишүүд, дэмжигч, ард иргэдээс хандив цуглуулах ажлыг ил тод эхлүүлж байна” гэсэн юм.Учир нь, www.handiv.mn сайтад өгсөн бүх хандив тоолуур дээр ил тод бичигдэж байх аж.
Дашрамд дурдахад, “4-11”-ийн үеэр АН-аас зохион явуулсан “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон оюутнуудыг танилцуулсан ба Нэгдүгээр байранд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн төгсгөх ангийн оюутан н.Тулга түрүүлсэн ажээ.