Trident Comission-ы дүгнэлт, тоо баримтыг “Их Британийн чанадад: бусад цөмийн гүрнүүдийн чиг хандлага” нэртэй илтгэлд гаргажээ. Энэ судалгаанд албаар Нэгдсэн вант улсынхаа талаар оруулаагүй бөгөөд уг илтгэл цуврал судалгааны эхнийх бөгөөд Британийн зэвсэглэлийг тусгай судалгаа болгон гаргах гэнэ.
Trident Comission-ийг BASIC (British American Security Information Council) гэх бие даасан байгууллага Их Британийн цөмийн зэвсгийн хүчин чадал ба улсаас энэ талаар явуулж байгаа бодлогод дүн шинжилгээ хийлгэхээр байгуулсан байна. Бүлгийн төлөөлөгчдийн хэлж буйгаар түүний байх гол зорилго нь: Их Британи цөмийн гүрэн байх ёстой юу? Тус орны зэвсэглэлд байгаа Trident пуужин цэнэгийг хүргэх шилдэг зэвсэг мөн үү? Дэлхийн цөмийн зэвсгийг хураалтыг хурдасгахад Лондон юу хийх ёстой вэ? гэсэн гурван асуудалд хариулт өгөх ёстой ажээ.
Trident Comission-ны нийтлүүлсэн илтгэлд зургаан үндсэн дүгнэлтийг хийсэн байна. Нэгдүгээрт, 1980-аад оны дунд үеэс эхлэн олон жилийн турш цөмийн цэнэгийг хорогдуулж иржээ. Гэхдээ тодорхой нэгэн эгшинд тэр хандлага зогссон байна. Үүний зэрэгцээ тоо чанарын хувьд цөмийн зэвсгийн өсөлт нь улс төрийн хувьд тогтвортой гэх орнуудаас гадна Зүүн Хойд ба Өмнөд Ази, Ойрхи Дорнодын тогтворгүй орнуудад бий болжээ. Сүүлчийн орнууд нь хоорондоо зөрөлдөөнтэй байгаагаас бүс нутгийн цөмийн дайн үүсэх эрсдэлтэй.
Хоёрдугаар дүгнэлт нь: цөмийн зэвсгийн сайжруулалт ба шинэ төрлийг бий болгох хөтөлбөрүүдийн хэрэгжилт цөмийн зэвсгээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөнийг гаргаж байна. Цөмийн клубын бүх гишүүд ба Израиль стратегийн болон тактикийн зэвсэглэлийн хөгжилд ойрын жилүүдэд хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулна. Энэ хүрээнд АНУ ба Орос цөмийн гурвалаа бэхжүүлэхэд чармайна. Харин Хятад, Энэтхэг, Израиль өөрсдийн баллистик пуужингийн тусгалыг ихэсгэх мөн стратегийн усанд шумбагчдын флотыг бий болгох замаар өөрсдийн цөмийн бамбайгаа бий болгохоор оролдох ажээ.
Гуравт нь: Стратегийн цөмийн зэвсэгтэй бүх орнууд түүнийгээ үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх сольшгүй зэвсэг хэмээн үзэж байна.
Дөрөвдүгээрт, зохих технологитай хөгжиж буй орнуудын цөмийн хөтөлбөрүүд нь хоорондоо холбоотой. Жишээлбэл, Орос өөрийн цөмийн гурвалаа сайжруулж байгаа нь Америкийн пуужингийн довтолгооны системээс хамгаалах мөн даяарчлалын шуурхай цохилтын хөтөлбөрөө хангахад чиглүүлж байна. Хятад мөн тийм шалтгаанаар дээр нь Энэтхэгийн цөмийн зэвсгийн хүчин чадал нэмэгдэж байгаагийн эсрэг арга хэмжээ болгон цөмийн зэвсгээ сайжруулж байна. Өөрийн ээлжид Энэтхэгийн цөмийн зэвсэг нь Пакистан, Хятад хоёрын эсрэг зогсоход нь тустай. Trident Comission тэмдэглэснээр Франц бол цөмийн хөтөлбөрөө дэлхийн цөмийн зэвсгийн нөөц нэмэгдсэний эсрэг болгон хөгжүүлж байна.
Тавд нь: стратегийн бус цөмийн зэвсгийг нэмэгдүүлснээр зэвсэгт хүчнийхээ бага хүчин чадлыг нэмэгдүүлэхээр оролдож буй. Гэтэл тактикийн цөмийн зэвсэг нь цөмийн зэвсгийг хорогдуулах эсвэл тараахгүй байх ямар нэгэн гэрээнд дурьдагддаггүй.
Эцсийн зургадугаар дүгнэлт нь Орос-Америкийн Стратегийн довтолгооны зэвсгийг хорогдуулах гарав дахь гэрээ бол цөмийн зэвсгийг хязгаарлахад чухал ололт болсон ч цоорхой ихтэй учраас цөмийн цэнэгийг үнэн хэрэгтээ хорогдуулах явдалд баталгаа болж чадахгүй байна.
Сануулахад, ОРОС, АНУ хоёрт дэлхийн цөмийн зэвсгийн 95 хувь ноогдож байна. Дэлхийн нийт цөмийн зэвсэг нь 20530-21240 ширхэг гэж тооцогдож байна. Trident Comission-ны дүгнэлтээр 20100 ширхэг цөмийн цэнэг Орос, АНУ хоёрт байгаа ажээ. Стокгольмын энх тайвны судалгааны (SIPRI) институт дээрх үзүүлэлтийг 19497 цэнэг гэж дүгнэсэн байна.
Зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөний гол тоглогчид нь АНУ ба Орос болж байгаа бөгөөд тэд ирэх 10 жилийн хугацаанд цөмийн зэвсгийнхээ хөгжилд 770 тэрбум доллар зарцуулна. Мэдээж, Америкийн зардал хамаагүй их байх ба тэд 700 тэрбум орчмыг зарцуулах болно. Тухайлбал тэд одоо байгаа цөмийн цэнэг зөөгчдийнхөө сайжруулан шинэчлэлд 100 тэрбумыг, цөмийн цэнэгийнхээ шинэчлэл ба үйлдвэрлэл үйлчилгээнд нь 92 тэрбумыг зарцуулах ажээ.
АНУ Minuteman III гэх тив алгасан нисэгч пуужингуудынхаа ашиглалтын хугацааг сунгахаас гадна шинэ баллистик пуужин бүтээхээс гадна шинээр 12 стратегийн шинэ шумбагч SSBN(X) бүтээж байна. Тэдний эхнийх нь Тэнгисийн цэргийн хүчинд 2029 онд хүлээлгэж өгнө. Бөмбөгдөгч B-52H Stratofortress онгоцныхоо ашиглалтын хугацааг 2035 он болгохоос гадна шинэ алсын бөмбөгдөгчийг бүтээнэ. Одоо байгаа цөмийн далавчит пуужингуудыг 2025 онд шинэчлэн сольж эхэлнэ. Ер нь бол Trident Comission шинэ ямар нэгэн зүйлийг гаргаж ирсэнгүй. Цөмийн цэнэг болон тэднийг тээгчдийг шинэчлэх стратегийн төлөвлөгөөгөө АНУ-ын цөмийн аюулгүй байдлын Үндэсний албанаас (NNSA) 2011 оны тавдугаар сарын сүүлчээр зарласан байлаа.
Хэдэн арван жилээр тооцоолсон уг баримтаар W78 цөмийн цэнэгийг зэрэглэлд оруулах, W76 цэнэгийн хугацааг уртасгах, B61 бөмбөгийг сайжруулан шинэчлэх зэрэг ажлыг хийнэ. В61 бөмбөгийн хуучин деталуудыг шинээр солино. Шууд хэлэх юм бол энэ бүгдийг шинэчлэлт гэхээс илүүтэй сэргээлт гэвэл таарна. Эдгээр цэнэг ба бөмбөгийн хадгалалтын хугацааг 30 жилээр нэмэгдүүлэх ажээ. Төлөвлөгөөний дагуу “Жеральд Форд” маягийн онгоц тээгч хөлөг, стратегийн атомын шумбагч SSBN(X) хөлгийн цөмийн хөдөлгүүрийн шинэ тогоог бүтээх ажээ.
Оросын хувьд 2020 он гэхэд тэд цөмийн гурвалаа хөгжүүлэхэд 70 тэрбумаас багагүй доллар зарцуулна. Тэр мөнгийг РС-24 “Ярс” гэх шинэ шуурхай ажиллагаатай арван цэнэгтэй балластик цогцолборыг бүрэлдүүлэхэд стратегийн шумбадаг онгоцнуудыг сайжруулагдсан 667БДРМ “Синева” пуужингаар тоноглох (“Лайнер” хөтөлбөр) дээр нь 955 төслөөр Р-30 “Булава” баллистик пуужингаар зэвсэглэсэн найман “Борей” гэх шумбагч хөлгийг бүтээхэд зарцуулах юм.
Орост стратегийн шумбагч онгоцны тав дахь үеийн хөлөг бүтээх ажилд оржээ. 2025 он гэхэд стратегийн шинэ бөмбөгдөгч онгоц зэвсэглэлд орсон байна. 2013 оноос баллистик пуужингийн үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлж эхлэх ажээ. Үүний зэрэгцээ Оросын зэвсэгт хүчин ойрын 10 жилд бага зайн цөмийн пуужингийн 10 бригадтай болсон байх гэнэ. Оператив-тактикийн “Искандер-М” цогцолборын талаар энд яриа гарч байгаа бололтой. Оросуудын хувьд ч Trident Comission шинэлэг зүйл гаргасангүй. Пуужингийн довтолгооны ирээдүйтэй хамгаалалтыг нэвтлэх баллистик пуужин бүтээж буйг өнгөрсөн хоёрдугаар сард Роскосмосын тэргүүн Владимир Поповкин Батлан хамгаалахын орлогч сайдаар ажиллаж байхдаа хэлж байсан юм. Оросын 2011-2020 онуудын зэвсэглэлийн талаарх улсын төлөвлөгөөнд нь 23 их наяд рублийг энэ зорилгоор зарцуулахаар төлөвлөсөн байв.
Цөмийн зэвсгийн хөгжилд зарцуулах хөрөнгөө Орос орон жил бүр нэмж байгаа ажээ. Тухайлбал 2010 онд цөмийн зэвсгийн зардалд 18,8 тэрбум рубль гаргаж байсан бол 2011 онд тэр нь 26,9 тэрбумд хүрч байна. Ирэх онд 27,5 тэрбум, 2013 онд 30,3 тэрбум рублийг тус тус төлөвлөжээ. Магадгүй энэ бүгд нь зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ давалгаа эхэлж буй мэт санагдаж болох юм. Зардал нь өсч байгаа нь Оросын стратегийн зөөгчид хэт их хуучирсантай холбоотой.
Цөмийн зэвсэглээр хөөцөлдөж буй орнуудын тоонд Хятад, Энэтхэг, Франц, Израиль, Пакистан ба Хойд Солонгосыг Trident Comission тэмдэглэв. Израиль бол цөмийн клубын албан ёсны гишүүн биш бөгөөд өөрийгөө цөмийн зэвсэгтэй гэж хэзээ ч зарлаагүй мөн хэзээ ч үгүйсгээгүй. Гэсэн ч тус орон 1990-ээд онуудад цөмийн цэнэг зөөх далавчит пуужинг Энэхтхэгт нийлүүлж, өмнө нь ӨАБНУ-ын хамт стратегийн зэвсэг бүтээх хөтөлбөр дээр ажиллаж байсан юм.
Өдгөө Израильд цөмийн олон “нүглийг” тулгаж байгаа. Тухайлбал тус оронд 4000-6500 км-ийн тусгалтай Jericho-III пуужинг бүтээж байна. Хиймэл дагуулыг тойрог замд гаргах Shavit пуужингийн үндсэн дээр Израиль өөрийн тив алгасан нисэх пуужинг бүтээж чадна. Мөн түүгээр өөрсдийн шумбагч онгоцнуудыг тоноглож болох юм. Одоо тэдэнд цөмийн цэнэгт далавчит пуужин тээх чадвартай “Долфин” ангилалын гурван шумбагч байгаа. Үүний зэрэгцээ хэрэв Израиль одоо ашиглаж буй ямар нэгэн байлдааны онгоцоо цөмийн цэнэг зөөгч болгон тоноглож чадвал тэдний стратегийн гурвал бүтлээ гэж хэлж болно.
Франц өөрсдийн Тэнгисийн цэргийн хүчинд 6000-8000 км-ийн тусгалтай M51 гэх баллистик пуужингаар зэвсэглэгдсэн “Триомфан” гэдэг дөрвөн стратегийн шумбагчийг нийлүүлээд байна. Пуужингуудынх нь цөмийн цэнэг бүгд шинэчлэгджээ. Агаарын тээгч нараа тэд хэдэн жилийн турш шинэчилж буй. Хуурай газарт Rafale 3 онгоц Mirage 2000N-ийг сольж байна. Rafale MK3 нь “Шарль де Голль” онгоц тээгчийн Super Etendard онгоцыг сольж байна. Стратегийн бүх онгоцнууд нь сайжруулагдсан цэнэгтэй шинэ пуужингаар тоноглогдож байна.
Хятадын тухайд энэ улс нь DF ангилалын баллистик пуужингуудаа хөгжүүлж байна. Зэвсэглэлдээ DF-21 цогцолбор ба тусгал нь нэмэгдсэн DF-31A пуужингуудыг авчээ. Сүүлчийн пуужин нь АНУ-ыг онилсон байгаа гэж ярьдаг юм билээ. Тус бүр нь бие даасан чиглүүлэгчтэй олон цэнэг бүхий хуурай газрын шуурхай баллистик цогцолборыг Хятад бүтээж буй. Нэг нь 12 баллистик пуужин харвах “Цинь” маягийн таван атомын шумбагчийг тэд бүтээхээр төлөвлөсөн байгаа.
Энэтхэг нь одоо янз бүрийн зайн тусгалтай Agni гэдэг баллистикийн пуужингийн цувралаа бүтээж байна. Agni-V пуужинтай болсноор тус орон тив алгасан нисэх цөмийн тээгчтэй болно. Sagarika гэдэг баллистик пуужингаар тоноглогдсон таван стратегийн атомын шумбагчтай болох төлөвлөгөөтэй. Тэнгисийн флот нь 350 км-т тусгалтай цөмийн цэнэг бүхий далавчит пуужингаар зэвсэглээд эхэлжээ.
Пакистанд 2000 км-ийн тусгалтай Shaheen II пуужинг бүтээж буй. Мөн стратегийн далавчит пуужин Hatf-7 (хуурай газрын) ба Ra’ad (Hatf-8 агаарын хүчний) пуужингийн туршилт хийгдэж байна. Пакистан нь хөнгөн бөгөөд бага оврын цөмийн цэнэгт анхааран ажилладаг гэж тооцогддог. Ямар ч нөхцөлд Пакистаны цөмийн зэвсэг нь Энэтхэгийн эсрэг чиглэгдсэн байгаа.
Хойд Солонгос 2010 онд 2500-4000 км-ийн тусгалтай Musudan гэх баллистик пуужинг бүтээснээ зарласан юм. Үүний хажуугаар 10 мянган км-ийн зайд байгаа устгах Taepodong-2 пуужинг туршсан юм. Харин тус орон дээрх пуужингууддаа таарах хөнгөн авсаархан цөмийн цэнэг бүтээж чадсан уу гэдэг нь тодорхойгүй гэж Trident Comission тэмдэглэсэн байв.
Ерөнхий хандлагыг Trident Comission зөв тогтоожээ. Одоо цөмийн клубын гишүүдийн хооронд жинхэнэ өрсөлдөөн эхлээд байна. Энэ тоглоомд хэн зальтай, гавшгай нь ялна. Энэ тухай 2011 оны эхээр SIPRI зарласан билээ. Түүний мэдээгээр дэлхийд цөмийн цэнэгийн тоо буурч байгаа ч түүнийг ноцтой гэж хэлэхээргүй байна гэсэн юм.
Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах СДЗХ-3 гэрээ нь цөмийн зэвсгийг хязгаарлахад чухал ч маш их цоорхойтой. Гэрээний 10 жилийн хугацаанд Орос, АНУ хоёр байлдааны байрлалд байгаа цөмийн цэнэгүүдээ 1550 ба 700 болтол хорогдуулах ёстой. Энэ гэрээгээр Орос маневрын өргөн орон зайтай. Сүүлийн мэдээгээр Оросын зэвсэглэлд 1556 цөмийн цэнэг ба байрлалд байгаа 516 тээгчтэй. Тэгэхлээр Орост цөмийн цэнэгийн тоог нэмэлгүйгээр тэднийг сайжруулах мөн 200 тээгчийг нэмэгдүүлэх боломжтой. Үүний хажуугаар энэ гэрээнд тактикийн цөмийн зэвсэг хамрагдаагүй. Оросуудын тактикийн “Искандер” цогцолбор нь одоо Пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн системийн эсрэг ярих гол зэвсэг нь болоод Америкийн системийн эсрэг оросууд Калининградад “Искандерийг” байрлуулан Европт заналхийх юм.
Энэ гэрээ АНУ-д ч бас ашигтай. Одоо цөмийн зэвсэгтэй гэх есөн орны гурав нь: АНУ, Франц, Их Британи нь НАТО-гийн гишүүн орнууд бөгөөд 1962 оноос Британийн цөмийн зэвсэг нь Америкийн цөмийн төлөвлөлтийн системд орсон байгаа. Уул нь Британийн цөмийн зэвсгийг АНУ-ынх гэж үзэж болохоор. Гэхдээ тэр нь энэ гэрээнд хамаагүй. Хэрэв Британийн Trident II D5 баллистик пуужингуудад Америкийн онилолтын шуурхай системийг байрлуулбал тийм интеграцитай пуужинг АНУ-ын зэвсэгт хүчнийх гэж тооцох учир америкчууд британи пуужингуудыг өөрийн зорилгодоо ашиглах боломжтой. Өнөөгийн АНУ-ын цөмийн хөтөлбөр нь цөмийн цэнэг ба тээгчдийн тоог нэмэгдүүлэхгүй ч гэсэн маш өргөн цар хүрээтэй. Энэ стратегид цөмийн зэвсгээс гадна цөмийн бус стратегийн элементүүд ордог. Тухайлбал, ердийн цэнэгтэй, нарийн тусгалтай алсын зайны далавчит пуужингууд нь эсрэг талынхаа цөмийн бамбайн үр дүнг бууруулан цөмийн гурвалд нь ноцтой хохирол учруулах боломжтой.
Америкийн хөтөлбөрийн хөгжил нь эргээд Хятад ба Хойд Солонгосыг өдөөн өөрсдийн зэвсгийг бий болгоход түлхэж байна. Хятад хүч нэмэхээр Энэтхэг нь өөрсдийн цөмийн хүчийг нэмдэг. Пакистан нь нь Энэтхэгийн эсрэг гэх мэтийн ил далд олон шалтгаан үр дагавар байна. Гэтэл Trident Comission-ын гол зорилго нь зугаатай. Үнэн хэрэгтээ 225 цөмийн цэнэгтэй Их Британи дэлхийн зэвсэглэлийн хязгаарлалтад ямар ч үүрэг гүйцэтгэх билээ?

Орос:
Баллистик пуужингууд: Р-36М2, УР-100Н УТТХ, РТ-2ПМ “Тополь”, РТ-2ПМ2 “Тополь-М” (уурхайн болон шуурхай байрлалын), РС-24 “Ярс”, Р-29РМ, Р-29РМУ2 “Синева” (“Лайнер” пуужингаар ирээдүйд солигдоно);
Шумбадаг онгоцнууд: 667БДРМ “Дельфин”, 941 “Акула” (эд цөмийн зэвсэглэлээр тоноглогдоогүй, , “Дмитрий Донской” хөлөг нь “Булава” гэх стратегийн пуужингийн туршилтад ашиглагдаж байна);
Нисэх хүчин: Ту-95МС, Ту-160.
АНУ:
Баллистик пуужингууд: Minuteman III, UGM-133A Trident II D5;
Шумбадаг онгоцнууд: “Огайо” маягийн;
Нисэх хүчин: B-1B Lancer (Цөмийн зэвсэг тээгч гэдэг ангилалаас хасагдан ердийн зэвсэг тээгч болгон шинэчлэгдэж байгаа, цаашид Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах -3 гэрээнээс хасагдана), B-2 Spirit, B-52 Stratofortress.
Цөмийн томоохон таван гүрэн Орос, Их Британи, Франц, Хятад, АНУ Цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээг сахих, Орос-Америкийн стратегийн зэвсэглэлийг хорогдуулах гурав дахь гэрээтэй ижил олон талын шинэ гэрээ байгуулахад бэлтгүүлэхээр ажлын хэсгүүдийг байгуулсан байна. Эдгээр хэсгийн эцсийн зорилго нь цөмийн цэвсгийг бүрэн устгахад чиглэгдэх ёстой. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зэвсэглэлд тавих хяналт хариуцсан зөвлөх Роуз Геттемюллерын (Rose Gottemoeller) хэлж буйгаар энэ хүчин зүтгэл нь “хүүхдийн алхам” ажээ.
"Ардын эрх" сонин
