Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ хэд вэ?

Нийслэлчүүд бид хө­хүүр­гүй хойно ам нь цаашилсан эсэхийг мэдэхгүй. Харин өвлийн тэргүүн сар эхэлсэн хойно хүйтний ам наашлах нь дамжиггүй. Ухаантай удирдлагуудын буянаар утаа гардаггүй зуухтай болсон тул нүүрс түлэхэд асуудалгүй болсон. Харин нүүрсний үнэ нэмэгдсэн нь иргэдэд дарамт болж эхэллээ. Олон ченжийн гараар дамжсанаас нийслэлчүүд өндөр үнэтэй мах хэрэглэдэг гэдэг. Тэгвэл энэ жишиг нүүрс худалддаг хүмүүст бас тогтсон гэж иргэд ярьсан юм. Амгалангийн нүүрс худалдаалах цэгээс нүүрс авъя гэвэл шөнө нь очиж, оочерлох хэрэгтэй аж. Биднийг энд 12.00 цагийн үед очиход нүүрс аль хэдийнэ дууссан байлаа.

Амгалангийн нүүрс зарах цэгийн хүмүүс “Нүүрс зардаг хүмүүс одоо “Цайз” зах дээр зогсч байгаа. Өнөөдөр гуравхан вагон ирсэн болохоор эрт дууссан” гэлээ. Эндхийнхэн нүүрсээ Алагтолгойгоос 56 орчим мянган төгрөгөөр худалдаж аваад хүмүүст 68 мянган төгрөгөөр зардаг аж.

Ингээд Цайз зах дээр ирлээ. Захын ойролцоох замын хоёр талаар нүүрс ачсан машинууд завсар зайгүй зогсчээ. Энд голдуу Алагтолгойн болон Налайхын нүүрс зардаг гэнэ. Эхлээд тэвштэйгээ тэнцүүлэн ачсан нүүрстэй машинуудын эздээс үнийг асуув. Дунджаар Алагтолгойн нүүрс 230 мянган төгрөг, Налайхын нүүрс 160 орчим мянган төгрөгийн үнэтэй байна. “Минийх энд дундаас хамгийн хямдхан шүү” гэх жолоочтой хэсэг ярилцлаа.

-Алагтолгойн нүүрс амархан асдаг, илч сайтай. 230 мянга төгрөг. Жаахан яриад өгнө гэж “рекламдах”.

-Хаана хүргүүлэх юм бэ? Баян­хошуу гэнээ. Нилээн хол юм байна. Ярихгүй шууд 230 мянгадаа ав.

-Тэгвэл Дэнжийн мянгад хүргүүлбэл хэд байхав?

-225 мянган төгрөг.

-Амгаланд?

-220 мянга. Авах юмуу үгүй юмуу? Ямар зарагдахгүй гэсэн зовлон байх биш гэлээ. Харин цаахна нь нөгөө шуудай гэж “өхөөрддөг” жижиг ууттай нүүрс эгнүүлэн өржээ. Гэтэл  бусдаасаа арай том ууттай нүүрсийг худалдаалагч нь тусад нь тавиад “Ийм шуудайнд хийгээд зарвал дампуурна шүү” гэж инээгээд тусад нь тавьж харагдана.

-Ууттай нүүрс хэд вэ эгч ээ?

-Алагтолгой 1800 төгрөг.

-Яасан үнэтэй юм. Тэр тусдаа тавьсан ууттайг авдаг юм билүү.

-Аан, эгчийн дүү тэрийг зарахгүй. Хүнд хийж тавьсан юм гэж хээв нэг хариулж байна. Шуудайнх нь хэмжээ багасаад байгаа атал яагаад үнэ нь нэмэгдээд байгааг харин түлшний үнэ өссөнтэй холбон тайлбарлав.

Нэг литр түлшний үнэ нэмэг­дэхэд нэг шуудай нүүрс төдий хэм­жээгээр өсчээ. Гэтэл нэг портер буюу ой­ролцоогоор 1,8 тонн нүүрс хан­галттай 200 уут болдгийг тэнд байсан жолооч нар бүгд баталсан юм.

Мөн Алагтолгой нүүрсийг худалд­даг хүмүүс жингийн бичиг гэх зүйлийг үзүүлж байна. Харин тэр бичиг хуурамч гэх хүнтэй ч таарлаа. Амгалангийн нүүрс борлуулах цэгт жинлүүлэн бичиг авдаг ч замдаа нүүрснээсээ шуудайлан зарах нь энгийн үзэгдэл гэнэ. Тэгэхээр иргэд яг хэдэн тонн нүүрс аваад буйгаа, тонн нүүрс хэдэн төгрөгийн үнэтэй гэдгийг ч мэдэх арга алга. 

Налайхын нүүрсийг жинлэдэг­гүй, ковш/жижиг эксковатор/-оор тавьдаг тул ийм бичиг байдаггүй аж.

Алагтолгойн нүүрс чанартай илч сайтайдаа үнэтэй байгаа нь үнэн ч олон хүний гар дамжин танд хүрч байна. Уурхайгаас иргэд вагонаар нь худалдаж аваад, хотод ирэхэд тодорхой хэмжээний мөнгө нэмж зарна. Үүнийг нүүрсний худалдаачид иргэдэд худалдсан үнэ дээрээ ашиг, тээврийн хөлсөө нэмэн худалдаалдаг.

Ийнхүү ямар ч хараа хяналт­гүйгээс гэр хорооллын иргэд нүүрс­ний “ченжүүд”-ийн хэлсэн үнээр нүүрсээ худалдаж авсаар л байна. Яг нэг тонн нүүрсийг хэдэн  төгрөгөөр худалдаж аваад байгааг ч мэдэх юм алга. Хоёр тонн нүүрс 230 мянган төгрөг гэж байгаа болохоор нэг тон­ныг нь 115 мянга буюу гадагшаа экс­портлодог коксжсон нүүрсний үнээр авч байна даа, нийслэлчүүд бид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж