Дахиад нэг Авлигатай тэмцэх газар байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Дахиад нэг Авлигатай тэмцэх газар байгуулъя

Хууль тогтоогчид авлигатай тэмцэх нөр их хөдөлмөр хийж буй Авлигатай тэмцэх газрын албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхээр санал гаргаад байна. Магад удахгүй УИХ-ын чуулганаар батлан дэмжих биз. Ирэх жилийн сонгуулийн тоосон дундуур гэнэт их мөнгөний бараа харсан манай эрхбаригчид төсвийн байгууллагынхны цалинг 53 хүртэл хувиар нэмэгдүүлэх нь нэгэнт тодорхой болоод байгаа. Харин Авлигатай тэмцэх газар хэмээх тусгай үүргийн байгууллагын хувьд тусгайлан цалинг нэмэх нь хууль зүйн хувьд ч нийцэж байгаа. Угаасаа анх энэ байгууллагыг байгуулахдаа албан хаагчид нь авлигад идүүлэхгүй байхын тулд дундаж цалин нь сарын нэг сая орчим төгрөг байх саналыг гаргаж байсан. Хэдийгээр бүх ажилтных нь цалин энэ жишигт хүрдэггүй гэж гомдоллодог ч дундаж нь мэдээж хэрэг тэдний цалин төрийн бусад албан хаагчдынхаас өндөр гэгддэг, тусгай чиг үүргийн гэдэг утгаараа. Цалин хангамж, өндөр байлгах ёстой гээд хууль журмынх нь дагуу ганц нэг ажилтандаа байрны мөнгө өгсний төлөө баахан баалаа биз дээ, манайхан. Харин энэ удаад нэг сая төгрөгийн дундаж цалин нь гурван сая төгрөг болох юм байна гэж бас битгий атаархаарай. Дээр хэлсэн шүү дээ, заримынх нь цалин ганц бүү хэл хагас сая төгрөг ч хүрдэггүй гэж… Монголчууд биднийг зовоож байгаа дайснуудын нэг нь яалт ч үгүй авлига болохоор үүнтэй тэмцэгчдийн цалинг нэмэх ёстой, браво, алга ташин баяр хүргэе.

Нэг ч гэсэн төрийн албан хаагчийн цалин өсч л байг. Тэр хэрээр төр албаны нэр хүнд хийгээд ажлынх нь үр дүн, амжилт дээшилнэ шүү дээ. Ер нь ч тэгээд яахаараа төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэгсэд хийсэн бүтээснийхээ хэрээр цалин авч болохгүй гэж. Алийн болгон төрийн байгууллагын “ядуус” гэж тэд нэрлэгдэх ёстой гэж…?

Ингэхэд ер нь Авлигатай тэмцэх газрынхан маань ямар ажил хийдэг билээ? Сонин хэвлэл болгоноор л Авлигатай тэмцэх газрыг баалж, муулж, шүүмжилж байдаг болохоор дахиад л  хэрүүлийн үг шөрвөлзүүлэх гэж байна уу? Үгүй шүү. Манай Авлигатай тэмцэх газрынхан чадлынхаа хэрээр ажиллаж байгаа. Дарга нь хүртэл гүйцэтгэх ажилтнаа гүйцэтгэх ажлынхаа шугамаар тагнаж чагналаа гээд шорон оронд ороод гарсан. Одоо ч тэнсэн харгалзах ялтай. Хэзээ ч ялын ирмэг рүү гишгиж мэдэх энэ албанд одоо хэр нь тохоон томилох хүн олдохгүй л байгаа. Нэг дарга нь цаг бусаар хорвоог орхиж дараагийн дарга нь хэрэгт холбогдсон барцадтай суудал гээд энэ газрыг удирдах зоригтой хүн олдохгүй байгаа ч байж болзошгүй. Гэсэн ч өнөөдөр Монголд авлига ноёлсоор байгаа гэдгийг эсэргүүцэн маргах хүн гарахгүй байх. Тийм ч учраас авлигатай тэмцэх тэмцлээ идэвхжүүлэхийн тулд ажилтнуудынх нь цалинг нэмэх ёстой, ажлыг нь эрчимжүүлэх ёстой.

Авлигатай тэмцэх газрын хийсэн ажлын талаар олон тоо баримтыг та харж болно. Зөвхөн энэ оны эхний найман сард 106 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 29 эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 13 эрүүгийн хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, таван эрүүгийн хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгасан. Мөн 26 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цаана мундахгүй олон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдгийг албан тайландаа дурдсан байна лээ. Мөн энд авлигын эсрэг соён гэгээрүүлэх үй олон ажил хийж, иргэдээс утсаар санал гомдол авч, үй олон семинари хурал, танилцуулга, шалгалт хийсэн гэж мэдээлдгийг та санаж байгаа байх. Гэтэл яагаад хүмүүс авлига буурдаггүй юм аа гэхэд ядахдаа АТГ-ын ажлыг хүмүүс сайн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна вэ? Ийм их ажил хийчихээд байхад… Эсвэл авлига гээч мангас хүчтэйгээс хүчтэй учраас зөвхөн одоо байгаа тэмцэгчдийнх нь цалинг нэмэх бус дахиад нэг илүү хүчирхэг байгууллага байгуулах ёстой ч юм уу? Яагаад хэрүүл уруултай бүхэл бүтэн байгууллага байгуулчихаад, түүнийгээ бас өөлж муулаад байгаа мөртлөө дахиад нэгийг нэмж байгуулах санаа гаргав гэж үү? Лав л гурван үндэслэл байна.

Нэг. Авлигатай тэмцэх газар амьд бөгөөд эрчимтэй ажиллаж байгаа гэдгийг тэр энийг АТГ шалгаж байна гэсэн дуулиант мэдээллүүдээс харж болно. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд өчигдөрхөн сүүлийн хэд хоногийн турш дуулианы эзэн болоод байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын асуудлыг шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдсан. Хэн нэг эрхтэн дархтанг АТГ шалгаж эхэллээ гэхэд зарим нь одоо л нэг авлигын үүр уурхайг илчлэх нь дээ гэж баярладаг бол зарим нь илчлэгдэх вий гэж айдаг байх. Мэдээж энд хүмүүсийн жараахайнуудын хэрэг гэж голоод байгаа хэргүүдийг хэлээгүй шүү. Олны анхаарал татсан томоохон хэргүүдийн захаас нь шүүрдээд харвал:

УИХ-ын гишүүн Х.Наранхүү:
2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын албан тушаалд байхдаа 10 тэрбум төгрөг хууль бус аргаар авсан хэмээдэг. УИХ-ын гишүүн Х.Наранхүү нь тус үйлдвэрт цөөнгүй компани, хүмүүсийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбон шалгаж буй гэх. Түүнд холбогдох АТГ-ынхан “Х.Наранхүүд холбогдох хэргийг шалгасаар байгаа. Эцэслэн шийдэгдэх хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Хэрэг одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа” гэсэн юм.

Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар:
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн авах гэрээнд албан тушаалаа урвуулан ашиглаж оролцсон. Мөн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгийг дансны аргаар өөр зориулалтаар ашигласан гэх мэдээлэл байгаа. Энэ талаарх хариулт нь мөн л ”Хэргийн мөрдөн байцаах ажиллагааны нууцад хамаарах учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор хэрэг нь шийдэгдээгүй байгаа”
Монгол банкны ерөнхийлөгч Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус хэрэгтэй нь холбогдуулж Л.Пүрэвдоржоос тайлбар хүртэл авсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид “Зоос” банкны хөрөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл л байна.  Энэ мэтчилэнгээр шалгаад байна гэсэн мөртлөө хэрхэн яаж шийдсэн, авлигын хэргийг нь баримт нотолгоогоор тогтоогдсон зүйлс хомсхон. Тийм учраас том хэргүүдийг шалгах нь өөрөө том асуудал учраас дахиад том байгууллага байгуулах ёстой гэсэн нэг үндэслэл болж байна.

Хоёр. АТГ акулуудын хэргийг шалгаж чадахгүй бол “жараахайнууд”-тай зууралдаж байна гэх шүүмжлэл. Авлигын, ер нь ямар ч хэрэг том жижигтээ бус, авлигын эс ширхэг бүхнийг устгах ёстой юм гэж манай тэмцэгчид хэлдэг. Одоогоор лав  бусдын гэрлэлтийг албан тушаалаа ашиглан хуурамчаар баталж 100 мянган төгрөгийн хахууль авсан, замын цагдааг 50 мянган төгрөгөөр хахуульдахыг оролдсон гэх мэт үй олон хэргүүдийг манай Авлигатай тэмцэх газрынхан илрүүлэн, зохих шийтгэлийг нь оноосон. Гэсэн ч цаана нь үй олон “жараахай”-нууд авлигын нуурандаа сүлэлдэж байгаа. Тийм учраас одоо “жараахай”-нуудын хэргээр амжилттай ажиллаж, туршлага суугаад байгаа АТГ-г энэ хэргээр нь дагнуулаад акулуудад зориулсан өөр байгууллага байгуулах нь зүйтэй юм гэсэн хоёр дахь үндэслэл гарч ирж байна.

Гурав: АТГ-ын яах аргагүй нэг гавьяа бол төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр хумиж, цуглуулж бас мэдээлж чаддаг болсон нь. Ердөө л таван жилийн өмнө албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг байх ёстой гэхэд гайхаж хөмсгөө өргөдөг хүмүүс олон байлаа шүү дээ. Харин одоо тэд хүссэн ч эс хүссэн ч бас худлаа ч хамаагүй Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг, нийтэд зарладаг болсон. Харин энэ нь хэр үнэн бодитой, басхүү ямар арга замаар олсон хөрөнгө байж болох вэ гэдгийг шалган тогтоох нь АТГ-ын хүчин мөхөсдөх ажил болоод байгаа. Их л хичээлээ гэхэд тэд харьяалах даргад нь бичиг хүргэж, цаадуул нь цалингаар торгох мэт шийтгэл оноодог. Гэхдээ энэ нь ч бас –“жараахайнууд”-ын зөрчил хийгээд шийтгэл гэсэн тодотголтой болоод амжсан. Тийм болохоор томчуудын хөрөнгө, орлогын том “но”-г хянах илрүүлэх том байгууллага байгуулах нь гурав дахь үндэслэл болоод байгаа юм.

Энэ мэтээр цааш нь үргэлжлүүлэх юм бол гурав бүү хэл “үндэслэл” гарч ирж болох учраас дахиад нэг гэхдээ илүү хүчирхэг Авлигатай тэмцэх байгууллага байгуулах хэрэгтэй гэсэн санаа улам л бодитой үнэмшилтэй болохоор. Тийм болохоор дахиад нэг, бүр том Авлигатай тэмцэх байгууллага байгуулбал ямар вэ? Мэдээж одоогийнхоос том байгууллага байх ёстой гэдэг нь дээрх гурван “үндэслэл”-ээр тогтоогдож буй учраас тэдний цалин нэг бүү хэл, гурван сая ч байсан жулдах байх шүү.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж