Монголын тэсрэлтийн цэг “Mеtals”

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Монголын тэсрэлтийн цэг “Mеtals”

Тун удахгүй Монголд томоохон тэсрэлт явагдах нь. Тэрхүү тэсрэлтийн цэг нь металлургийн салбар байх гэнэ. Анхны гэсэн тодотголтой “Mеtals Mongolia-2011” чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордноо эхлэв.  Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд холбогдох салбарын сайдууд нь зочилж, хүндэтгэл үзүүлж буйгаас харахад энэхүү чуулга уулзалтад төрөөс онцгой ач холбогдол өгч буй нь илт.

“Металлын аж үйлдвэржилт- хөгжлийн тэсрэлт”  сэдвийн дор өрнөж буй  энэхүү чуулга уулзалтаар  Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, энэ салбарт хөрөнгө оруулагчидтай Монгол Улс тогтвортой байдлын гэрээ хийхэд бэлэн байгаагаа дуулгасан юм. Уул уурхайн салбар Монголд эрчимтэй хөгжиж буй ч яг үнэндээ ашигт малтмалаа түүхийгээр нь экспортлохоос илүү гарч чадахгүй байгааг сайд онцлоод металлургийн үйлдвэрүүдтэй болох шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгааг ч онцолсон. Тэгвэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Түүхий ашигт малтмалын экспортод шүтэх нь Монголын хөгжил биш” гэдгийг чуулганы индэрээс дуулгаж, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Сайд  металлургийн салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг ч илтгэлдээ дурдана лээ.

Дэлхийд зах зээлд ашигт малтмалын үнэ өдрөөс өдөрт өсч байгаа нь Монголд эдийн засгийн хувьсгал хийх шинэ эрин үе ирж буйн дохио гэнэ. “Mеtals Mongolia-2011” хөрөнгө оруулагчдын сэтгэлд тэсрэлт хийж чадах аваас Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордын зэсийн нөөцөд тулгуурлан зэс хайлуулах үйлдвэр, Сэлэнгэ, Дарханы бүс нутагт байгаа төмрийн хүдрийн томоохон ордууд болон Тавантолгойн кокс нүүрсний нөөцөд түшиглэн хар төмөрлөгийн цогцолбор байгуулах, Сайншандын аж үйлдвэрийн паркийн цаасан дээрх төслөө хэрэгжүүлэх гэж царай алдах шаардлага монголчуудад байхгүй болох юм.  Монголын эдийн засагт хөгжлийн тэсрэлт авчрах металлургийн салбарт хөрөнгө оруулах нь хөрөнгөө зузаатгах хөшүүрэг болно гэдэг ойлголтыг л хөрөнгө оруулагчдын сэтгэлд тэслэх нь өнөөдрийн чуулга уулзалтын гол зорилго юм. Тэрбум тэрбум төгрөг, сая сая ам.доллараар яригдаж буй Эрдэнэт, Цагаан суваргын зэс хайлуулах үйлдвэр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих хөрөнгийг төр дангаараа гаргаж чадахгүйгээс хойш гадаадын хөрөнгө оруулагчдын хүслийг өдөөхгүйгээр бүтчих, хийгдчих ажил биш юм.  Түүнчлэн  дэд бүтцийн мега төслүүдийн бүтээн байгуулалтыг ч  дээрх төслүүдтэй зэрэгцэн хэрэгжүүлэхээр Монголын төр төлөвлөж байна. Харин гадаадынхны хувьд хууль, эрх зүйн орчин тогтвортой байлгах,  Монголын Засгийн газар, хууль батлагчид нь найдвартай, итгэлтэй байхыг л чухалчилж байна лээ.   Хууль нь тогтвортой, хууль батлагчид нь намбатай, тоглоом нь шударга, тоглоомын дүрэм нь ил тод байж чадах аваас Монголд эдийн засгийн тэсрэлт хийх энүүхэнд байгаа аж. Харин хууль нь “цоорхой”, хуульчид нь цочиромтгой байх аваас металлургийн салбарыг хөгжүүлэхээр хөрөнгө оруулагчид наашилна хэмээн горьдолтгүй биз ээ.  Хэрвээ металлургийн салбар жинхэнэ утгаараа хөгжих аваас өнөөдөр импортоор оруулж ирж байгаа зарим тоног төхөөрөмж, сэлбэг, эд ангийг Монгол Улс дотооддоо хийдэг болно. Үүнийг дагаад ажлын байр өсч, жижиг, дунд үйлдвэрүүд ч нэмэгдэх боломжтой. Чуулган нь үндсэн хуралдаанаар “Монголын уул уурхай, металлургийн салбарын өнөө ба ирээдүй”,”Уул уурхай, металлургийн цогцолбор хөгжүүлсэн олон улсын туршлага”, “Дэлхийн металлын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Монгол Улсад хэрэгжүүлэх уул уурхай, металлургийн зарим төслүүд”, “Монголын уул уурхай, металлурги, дэд бүтцийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна.  Чуулга уулзалт маргааш өндөрлөнө.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж