Титэм үг тэрлэхгүй ч, төрдөө тэрслэх үг хэлэхгүй байвал яасан юм бэ

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Титэм үг тэрлэхгүй ч, төрдөө тэрслэх үг хэлэхгүй байвал яасан юм бэ

Дугаар шилжих мөчид шинэ мэдээлэл ирлээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр холбогдож буй “Хэвлэх үйлдвэр”, “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын хувьчлалын хэргийг УМБГ шалгахаа больж Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар, Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг авлига, албан тушаалын хэрэг гэж үзэн харьяаллыг нь ийн өөрчилжээ. Ингэснээр Н.Энхбаярыг Ц.Нямдоржийн буюу ХЗДХ-ийн сайдын харьяанд байдаг цагдаа биш, Ерөнхийлөгчийн санал болгож УИХ томилдог АТГ шалгахаар боллоо. Нэгэнт цагдааг удирддаг болохоор Ц.Нямдоржийн нөлөө орно гэх Н.Энхбаярын хардлага, болгоомжлол байж болох л зүйл. Гэхдээ тэрээр  “Нямдорж оо, айгаагүй бол ажлаа өгчих, хамт шалгуулъя. Би ажлаа өгчихсөн юм чинь хоёулаа зэрэгцэж сууж байгаад гэм буруутай эсэхээ тогтоолгоё” гэв.  Ерөнхийлөгч байсан хүний амнаас гарсан гэхэд үнэхээр болчимгүй үг байлаа.

Уучлаарай экс Ерөнхийлөгч өө, та өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөөгүй. Таны ажлыг ард түмэн чинь үнэлж, цэгнэснээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуг нь барьсан. Харин ч та ажлаа өгөхгүй гэж сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн дараа ялагдсандаа эргэлзэж, буруутан хайж нам руугаа цамнаж байсныг тод санаж байна. Албан тушаалаа эргэж санагалзаж ердөө гурван сарын дараа нөхөн сонгуульд нэр дэвших гэж явсныг, нам байгуулан улс төр хийж явааг чинь бүгд мэднэ. Албан тушаалынхаа эрх мэдлийг санагалзаж чаддаг байж иргэнийхээ үүргийг биелүүлж хуулийн байгууллагыг хүндэтгэж, дуудсан цагт нь яагаад очиж болдоггүйд гайхах юм. Ардчилсан нийгэмд хуулийн өмнө хүн бүр, улсын Ерөнхийлөгч асан, Увсын иргэн хоёр хоёулаа адилхан тэгш эрхтэй биш билүү. Увсын иргэн гэхээр тэр нь сайд Ц.Нямдорж биш шүү. Тэрээр авлигачин байж магадгүй. Хууль, цагдаагийн байгууллагыг атгандаа оруулсан ч байж мэдэх юм. Гэхдээ энэ бол Ц.Нямдорж та хоёрын л маргаан. Үүнд төрийн албыг, төрийн нэрийг  хутгах хэрэггүй. Эс тэгвэл хэрэгт сэжиглэгдсэн бүхэн тэр сайд эхлээд ажлаа өг, тэгээд хамт шалгуулъя гэж зөрүүдэлдэг буруу жишиг нийгэмд тогтоно. Гэтэл Монгол байтугай дэлхийн улс төрд ч ийм түүх байхгүй шүү дээ. Жишээ нь, хэн нэгэн хүн Т.Ганди сайдыг “ажлаа өгчих хамтдаа цагдаагаар шалгуулъя” гэсний зоргоор төрийн сайдын суудал эзгүйрээд байх уу. Сэтгүүлч Д.Баатархуяг БОАЖ-ын сайд Л.Гансүхтэй мөн л авлига авсан, үнэтэй хаус худалдаж авсан гэх үндэслэлээр заргалдаж байсан түүх саяхных.

 Тэгэхэд Д.Баатархуяг Л.Гансүх сайдыг “ажлаа өг” гэж шахаагүй. Хуулийн дагуу мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатаар явж асуудлаа шийдүүлж байсан. Энэ бол хэн хэнийх нь хувьд соёлтой, бас хуулиа дээдэлсэн зарга байлаа. Гэтэл Ц.Нямдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний маргаан савнаасаа халилаа. Хоёр хүний хэрүүлийн дунд Монголын цагдаа бүхлээрээ, бие бүрэлдэхүүнээрээ татагдан орлоо. Экс Ерөнхийлөгч та мэргэдийн хэлсэн үгийг эш татах дуртай юм билээ. Танд ч гэсэн Грекийн гүн ухаантан Плутархын хэлсэн “Эрх баригчдын өчүүхэн жижиг алдаа ч том нүгэл мэт харагддаг” гэдэг үгийг сануулъя. Хэдийгээр энэ хоёр эрхэм хэрэлдэж байгаа ч нэг нь төр барьж, нөгөө төр түшилцэж яваа Монгол төрийн том фигур болсон хүмүүс. Энэ хоёр хүний  хэлж байгаа үг, хийсэн үйлдэл чинь бусдад үлгэр дууриалал болохуйц байх ёстой. Та титэм үг тэрлэхгүй ч гэлээ, төрдөө тэрслэх үг хэлэхгүй байвал яасан юм бэ экс Ерөнхийлөгч өө.  Эсвэл Ц.Нямдорж гэдэг хүн үнэхээр хууль цагдаа, прокурорыг атгасан хэнд ч дийлдэхгүй “олигархи” болчихсон юм уу. Ямартай ч олон жил улс төрд мөр зэрэгцэж, нэгэн намын дээвэр дор тохой залгаж суусан эрхмүүд хэлэх үг, хийх үйлдлээ бодмоор юм.  

Х.Түвшинтөгс

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж