ИЗ-НН Дээд шүүхийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

ИЗ-НН Дээд шүүхийг буруутгав

ИЗ-НН-ын их хурлын төлөөлөгчид болох Э.Баярхүү, Э.Батбаяр нарын хүмүүс намын бүртгэлтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Улсын Дээд шүүхийн нэр бүхий шүүгчид зохион байгуулалттай, улс төрийн зорилгоор ИЗ-НН-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, хэдхэн хүний гаргасан дүрмийн өөрчлөлтийг хуульд нийцсэн хэмээн  МНН-ыг бүртгэснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Төрийн ордонд 800 төлөөлөгчтэйгээр их хурлаа хийсэн ИЗ-НН-ыг долоон сарын турш элдэв баримт, материал шаардан  таван удаа буцаажээ. “Энэ нь намуудын дотоод үйл ажиллагаанд Дээд шүүх хөндлөнгөөс оролцож байна гэсэн үг” хэмээн ИЗ-НН-ын хурлын төлөөлөгчид хэлж байна. Одоогоор ИЗ-НН-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх 1000 гаруй хуудас материал цуглараад байгаа аж.

Дээрх асуудалтай холбоотойгоор ИЗ-НН-ын хурлын төлөөлөгчдөөс зарим асуултад хариулт авлаа.

-Дээд шүүхээс ямар үндэслэлээр танай намыг бүртгэхээс татгалзаж, материалыг буцаагаад байгаа юм бэ. Та бүхэн хуулийн хүрээнд  шаардлагатай бүх баримт материалаа бүрдүүлсэн юм уу?

-Бид Төрийн ордонд 800 төлөөлөгчтэй өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд намын их хурлаа хийж, удирдлагаа сонгосон. Бүх зүйл хууль ёсны дагуу болсон гэж үзэж байгаа. Гэтэл Дээд шүүх янз бүрийн шалтгаан хэлж, таван удаа буцаасан. Ер нь биднээс нам бүртгэхэд ямар ч хамааралгүй зүйлүүд шаардаж байгаа. Жишээ нь, намын анхдугаар хурлын баримт байх ёстой гэх жишээтэй. Уг нь намыг бүртгэхэд 4-5 зүйл л шаардлагатай байдаг. 1992 оноос хойш 50 гаруй нам байгуулагдсан гэх тоо бий. Эдгээр намууд нэгдэж, салж, зарим нь  үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ үйл ажиллагаа ямар ч улс төрийн ашиг сонирхолгүй, энгийн нэг бүртгэлийн ажиллагаа байсан шүү дээ. Гэтэл МАХН-ын нэрний асуудлын дараанаас нам бүртгэх асуудлыг улс төржүүлэх боллоо. Энэ бүхнээс харахад Дээд шүүх  улс төржсөн байгууллага болсон нь харагдаж байгаа  юм. Бид дарангуйлагч нарын өмнө хүчин  мөхөстөж байна.

-Дээд шүүхийг улс төрийн зорилгоор шийдвэр гаргаж байна гэх ямар үндэслэл байгаа юм бэ?

-Улс төрийн зорилготой гэдэг нь тодорхой шүү дээ. Гэхдээ бүх шүүгчийг хэлж байгаа хэрэг биш. Д.Тунгалаг, С.Бямбаа, Ц.Амарсайхан гээд гурван шүүгч хаанаас ямар даалгавар авсан болоод ийм шийдвэр гаргаад сууж байгаа нь сонин байна.

-ИЗ-НН-ын үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Та бүхнийг хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна гэх яриа бий?

-Дээд шүүх намыг бүртгэтэл тэмцэнэ. Одоо ч бид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж  байгаа. Үнэндээ МНН-ын дарга гэгдээд байгаа С.Маам, Д.Батбаатар нар Ногоон намын гишүүн ч байгаагүй хүмүүс. Маргааш бид Дээд шүүхийн гудамж дагуу “Шүүхэд итгэх итгэл байна  уу” гэсэн сэдвээр ард иргэдийн дунд гурван өдөр санал асуулга явуулна. Энэ үйл ажиллагаагаа орон нутагт мөн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж