МАН сонгуулийн ажилдаа шуударлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

МАН сонгуулийн ажилдаа шуударлаа

МАН Удирдах зөвлөлөө хуралдуулж ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийн ажилд шуударч буйгаа зарлажээ. Жилийн өмнөөс хийхээр товлоод байсан ч хэд хэдэн удаа ухраасан намын бага хурлаа энэ сарын 28-нд хийхээр товлосон байна. Түүгээр УИХ-ын сонгуульд орох ерөнхий бэлтгэлийн талаар ярилцахаас гадна МАХН-аас МАН болсон нэг жилийн хугацааны тайлангаа дүгнэж, цаашид хийх ажлаа төлөвлөн МАН-ын дарга С.Батболдын улс төрийн илтгэлийг сонсох ажээ. Мөн орон тооны эмэгтэй нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм байна. Ойрын үед нэр дэвших боломжтой хэд хэдэн эмэгтэйг судалж үзэхээр болсон байна.

Өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын 2012 оны сонгуульд баримталж оролцох МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь намын дарга С.Батболд ажиллаж, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх дэд ахлагчаар ажиллахаар болжээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажиллана. МАН-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдийг үе үед УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай эрхмүүдээр ахлуулсан байна.  УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Лүндээжанцан, М.Энхболд нар намаа сонгуульд бэлтгэх мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг удирдана.

Харин одоо УИХ-аар хэлэлцэж буй Сонгуулийн хуулийн төслийн тухайд холимог тогтолцоог авч суудлыг 28:48 гэсэн харьцаагаар хуваах алхмаас ухрахгүй гэсэн байр сууриа хадгалахаар ярилцжээ. Ингэхдээ мажоритар 48 суудлаа жижиг 48 тойргоор сонгоно гэсэн байна. Яг энэ асуудал Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг УИХ дээр гацаагаад буй. Гэхдээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Удирдах зөвлөлийн хурлын дараа парламентад суудалтай гол хоёр намын дарга, намын бүлгийн дарга нарыг дуудан уулзаж, Сонгуулийн хуулийг удаан гацааж болохгүй, гацаах шинжтэй болох аваас чуулганы нэгдсэн хуралдаан дээр шууд гишүүдээс ил санал хураалтаар шийднэ гэжээ.

Удирдах зөвлөлийн хурал дээр сонгууль хүртэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг нэг байр сууринаас аливаа асуудалд хандан ажиллаж байхыг сануулсан байна. Бусад намын гишүүдтэй хамтарч болчимгүй үйлдэл гаргаж намын нэгдлийг хагалахгүй байхыг гишүүддээ сануулжээ. Бага хурлын өмнө Удирдах зөвлөлийг дахин хуралдуулах аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж