“Бөхчүүд ёс бэлгэдлээ дээдэлж яваарай”

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

“Бөхчүүд ёс бэлгэдлээ дээдэлж яваарай”

УИХ-ын гишүүн, үндэсний бөхийн их аварга Б.Бат-Эрдэнийн урилгаар даян аварга Г.Өсөхбаяр, гарьд Н.Ганбаатар, харцага н.Баасандорж тэргүүтэй 20 гаруй бөх өнөөдөр Төрийн ордонд зочиллоо. Тэд чуулганы нэгдсэн хуралдаантай танилцах үеэрээ зочдын суудлаасаа босч Төрийн сүлд, төрийн далбаандаа мэхийн ёсолсонд гишүүд ихэд талархжээ.

Үүний дараа эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ бөхчүүдийг “А” танхимд урьж, сургамжийн үг хэллээ. Юуны түрүүнд монгол бөхчүүд ёс уламжлалаа дээдэлж явах ёстойг их аварга сануулав. Аварга “Төв цэнгэлдэх, есөн хөлт их цагаан сүлдээ үргэлж нар зөв тойрч хүндэтгэдэг, монгол хүний шүтэн барилдлага гэж том юм байдгийг санаж явах ёстой” гэсэн юм. Залуу бөхчүүд туг сүлдээ нар буруу тойрдог, зүлэг ногоон дэвжээн дээр шүлсээ хаядаг, гараа, дэвээ, шаваагаа буруу хийдэг, хоорондоо европчууд шиг гар барьдаг, давчихаад гараа зангидах, хуруугаа гозойлгох, алга таших зэргээр авирлах болсон нь ёс жаягт хазгай гэдгийг аварга хэллээ. Нэгийгээ давчихаад ертөнцөд байхгүй зүйл хийсэн мэт аашилдаг нь өөрийгөө маш доош хийж байгаа явдал, мөнгөнөөс болж нэр төрөө унагаж болохгүй гэдгийг ч анхааруулж байв. “Нэг аяга сайн хоол хагас өдрийн хань, нэг сайн хувцас хагас жилийн хань, сайн нэр нэг насны хань. Хүн үхэхэд нэр үлддэг шүү. Нэр хүнд насан туршийн хоол, хамгийн үнэтэй капитал. Даваа үнэлдэг, наймаалдаг бүхэн монгол бөхийн нэр хүндийг унагаж байна. Мөнгөнөөс нэрээ, монгол өв соёлоо битгий алдаарай” гэх зэрэг үнэтэй үгийг их аваргаас залуу бөхчүүд сонслоо.

Бас Бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Бяртай хүн буруугүй, намайг хэн хэлэх вэ гэж ханхалзвал монгол бөх гэдэг том гэр маань унана шүү. Бөхчүүд оюунлаг, гэгээлэг, идэвхтэй, чадварлаг хүмүүс шүү гэдгийг харуулж яваарай. 1970, 80, 90-ээд оны үеийнх шиг бөхчүүд бүдүүн, хадуун улс гэдэг үнэлэмжийг өөрчлөх цаг ирсэн” гэдгийг санууллаа. УИХ-ын эрхэм гишүүн, их аварга Б.Бат-Эрдэнэ бөхчүүдэд “Дархан аварга” номоо гарын бэлэг болгон өгсөн юм.


Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж