Д.Энхмандахыг шүүх хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Д.Энхмандахыг шүүх хурал өнөөдөр болно

Чингэлтэй дүүргийн шүүхэд өнгөрөгч есдүгээр сарын 22-нд Д.Энхмандахад холбогдох хэргийн шүүх хурал болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэрийг улсын яллагч н.Чимгээ Д.Энхмандахыг яллах хангалттай нотлох баримт бүрдсэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй хэмээн шүүхийн шийдвэрт  эсэргүүцэл бичсэн юм.  Тиймээс Д.Энхмандахд холбогдох 158 дугаар шийтгэх тогтоолтой  хэргийг өнөөдөр нийслэлийн шүүхэд хэлэлцэж, Прокурор н.Чимгээгийн эсэргүүцэл үндэслэлтэй эсэх шийдвэрийг  нийслэлийн  Шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа гаргах юм байна.

Тэгвэл иргэн Д.Энхмандахын өмгөөлөгч О.Баасанхүү Д.Энхмандахын хэргийг шийдэхгүй удаашруулж байгаа прокурор н.Чимгээг мэргэжлийн  ур чадварын хувьд ажилдаа тэнцэх эсэх асуудлаар УЕПГ-ын Мэргэжлийн зөвлөлд хандах байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.  Тэрбээр өнөөдрийн хурлаар прокурор н.Чимгээгийн эсэргүүцлийг  хүлээн авах  эсэхээс хамаарч дараагийн алхмаа хийх гэнэ.

Шүүгдэгч Д.Энхмандах нь бусдын нэр ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр, “Эрдэнэ Суварга” компанийн захирал Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг бусдад зарж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдоод буй юм. Харин Д.Энхмандах өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн маргаанаас болж, намайг залилангийн хэрэгт гүтгэсэн хэмээн мэдүүлсээр байгаа билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж