
-Мах, сүүнээс бусад хэрэглэж буй хүнс чинь эрүүл үү… гэж асуувал та юу гэх вэ?
100 хувь итгэлтэй хариулт чадах уу. Хамт ажиллагсдынхаа таваас нь асуухад, нэг нь “Эрүүл биш” гэж хариулав. Харин өөр нэг нь “Бүгд эрүүл гэдэг илтгэлтэй биш байна”, гурав дахь нь “Сүү ч эрүүл биш”, дараагийнх нь “Харин л дээ” гэх аж. Эдгээр таван хүнээс ердөө ганцхан нь л “Эрүүл” гэх хариултыг өглөө. Үнэхээр эргэлзээтэй асуудал байгаа биз. Мэргэжлийн хяналтын байцаагч нар ч энэ асуудалд эргэлзэж байна.
Учир нь дэлхий нийтээрээ хүнсний хомсдолд ороод байгаа өнөө үед хувиргасан амьд организм буюу генийн инженерчлэлийн аргаар гарган авсан хүнсний бүтээгдхүүний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Эдийн засгийн хувьд өндөр үр ашиг өгөх уг бүтээгдэхүүнийг АНУ , Канад, Австрали, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд ихээр үйлдвэрлэж экспортод гаргадаг. Тэгэхээр манайх шиг хүнсний бүтээгдхүүнийхээ 70 орчим хувийг гаднаас имлортлодог улс оронд ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн багагүй нийлүүлэгддэг гэсэн үг. Ялангуяа манай урд хөршөөс орж ирсэн хүнсний бүтээгдхүүн тэр дундаа олон төрлийн салат, амтлагч, чипс, бэлэн гоймон зэрэгт хувиргасан амьд организм агуулагдаж байдаг. Ийм төрлийн бүтээгдхүүн оруулж ирдэг компаниуд ч манайд цөөнгүй бий болжээ. Олон улсын жишигт бол хувиргасан амьд организмыг экслортлохдоо тухайн улсын Био аюулгүй байдлыг хангах хороонд заавал мэдэгддэг, цаадуул нь зөвшөөрсөн тохиолдолд экспортлодог журамтай аж. Гэтэл манай улсын Био аюулгүй байдлыг хангах хороонд нэг ч удаа тийм хүсэлт ирээгүй байгаа нь хачирхалтай. Монголчууд 100 хувь байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг баян хүмүүс үү гэвэл арай ч биш ээ. Бодит байдал дээр харин ч эсрэгээрээ.
“Био аюулгүй байдлыг хангах хороо”, УМХГ-тай хамтран хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгон дээр хийсэн судалгаагаар бол манайд худадаалдаг 162 нэрийн хүнсний бүтээгдхүүний аравт нь хувиргасан амьд организм түүний гаралтай түүхий эд орсон, гуравт нь ороогүй гэсэн дүн гарсан бөгөөд үлдсэн 149 бүтээгдхүүний 60 гаруй хувь нь хувиргасан амьд организм, түүний гаралтай байж болзошгүй гэсэн байна. Үүнээс үзэхэд манай улсад импортоор оруулж ирэн худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд мөрдөгдөж буй олон улсын болон үндэсний хууль, дүрэм, журмын хэрэгжилт хангалтгүй, хяналтгүй, түүнийг хэрэгжүүлэх ажил эхлэл төдий байна.
Нөгөөтэйгүүр импортын хүнсний бүтээгдэхүүний шошго дэлхий нийтэд түгээмэл бус хэл дээр хийгдсэн байдаг бөгөөд БНХАУ болон Азийн орнуудад үйлдвэрлэгдсэн манай улсын импортын ихэнх хувийг эзэлдэг хүнсний бүтээгдхүүний хаяг шошгыг тухайн орны хэл дээр, ханз үсгээр тэмдэглэсэн, түүний үйлдвэрлэлд хувиргасан амьд организмыг ашигласан талаар тэмдэглэгээг тусгаагүй байдаг зэрэг нь хэрэглэгчпийн сонголт хийх эрхийг нь боогдуулж байгаа аж.
Монгол Улс 2000 онд “Био аюулгүй байдлын тухай Картагены протокол”-д нэгдэж, 2007 онд Хувиргасан амьд организмын тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн гуравдугаар бүлгийн 13.3-д зааснаар,
– Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гарган авсан, үйлдвэрлэсэн болон ашиглаж буй хувиргасан амьд организм, түүнээс гарган авсан бүтээгдэхүүндээ гарал үүслийн тодорхойлолт, гарал үүслийг тодорхойлсон шошго тэмдэг бүхий тусгай сав, баглаа, боодол хэрэглэнэ гээд заачихаж. Дотооддоо хэрэглэж буй хүнс, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл мэндэд хор нөлөөтэй эсэхийг хянаж шалгах үүрэгтэй УМХГ-ч уг генийн инженерчлэлийн аргаар гарган авсан хүнсний бүтээгдхүүнийг шинжилж тогтоох чадамжгүй, техник тоног төхөөрөмж ч байхгүй аж. Хилийн боомтуудын лаборатори нь анхан шатны ариун цэврийн үзлэг шинжилгээг л хийх төдий, түүнээс цаашгүй техникийн чадамжгүй аж. Мөн энэ талаар дорвитой ажил хийж гүйцэтгэх ёстой Био аюулгүй байдлыг хангах хороонд төрөөс төсөв мөнгө гаргаж өгдөггүй, хөрөнгө мөнгөний гачаалалтай ажиллаж байгаа нь харамсалтай. Тэгэхээр та бид ямар бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэж буйг бодоод үзэхэд илүүдэхгүй. Гайгүй байлгүй дээ гэж хэнэггүй зандаа найдах уу эсвэл биохимийн аргаар гарган авсан бүтээгдэхүүнээс татгалзах уу гэдэг нь таны сонголт. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэгчээр багаж хэрэгсэлгүй мэргэжлийн хяналтад бүхнийг даатгасан ч болно л доо. Хамгийн гол нь та эсэн бусын хавдар үүсгэдэггүй эрүүл хүнс хэрэглэж чадаж байгаагаа мэдэж байгаа юу л гэж…