
“Миний ертөнц” нь зохиолч Б.Шүүдэрцэцэгийн нийтлэлийн анхны ном юм. Зохиолч өөрийнхөө амьдрал, үзэл санаа, эмэгтэйчүүдийн сэдэвт нийтлэлүүдийг эмхлэн хэвлэсэн энэ номоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр Мартын 8-нд зориулан хэвлүүлжээ. Б.Шүүдэрцэцэгийн ерээд онд бичсэн “Эмч нар Мария үзэж байв уу?”, “Сүүдэр дайрсан бага нас”, “Чемодантай юм” шүүхийн тэмдэглэл, “Гоо үзэсгэлэнгийн домог”, “Үнсгэлжингийн үлгэрийг сөрөхүй”, “Эрэгтэйчүүдийн дүрмээр тоглож, эмэгтэй хэвээрээ үлд” зэрэг эмэгтэйчүүдийн сэдэвтэй олон сонирхолтой нийтлэл, илтгэл, лекц, фото зургуудыг багтаасан энэ ном нь түүний анхны нийтлэлийн ном ажээ.
Харин сонгомол өгүүллэгийн “Хайр” сонсдог номд орсон гучаад оны үеийн хэлмэгдлийн улмаас хагацсан хайртай хосын тухай “Сүүлчийн өртөө”, хайрын сэдэвт “Мартагдсан зөрөг”, “Цасан нулимс”, Минийх”, хүний сайхан сэтгэл, эцгийн хайрын тухай “Хойд эцэг” өгүүллэгүүдийг нь түүний уран бүтээлийн анд МУСТА Т.Алтантуяа уншсан байна. Энэ нь зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хоёр дахь сонсдог ном юм. МУГЖ Г.Равдан, МУГЖ Д.Жагдаг, МУСТА Д.Эрдэнэцэцэг нарын оролцсон түүний анхны “Шүүдэрцэцэг” сонсдог ном нь 2008 оны “Онцлох ном”-ын шагнал хүртэж байсан юм.
Харин “Тусгай салаа” киноны Сүлдээгийн ээжийн дүрд тоглосон МУСТА Т.Алтантуяагийн хувьд “Хайр” анхных нь бие даасан CD юм.
Гадуураа гоёлын ууттай, уншдаг бяцхан номтой, 2 цагийн бичлэгтэй “Хайр” сонсдог номыг “Дэлхийн дарсыг Монголд” уриатай “World wine” дарсны дэлгүүр ивээн тэтгэжээ.