Хятадад дэлбэрэлт болж, 200 гаруй хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Хятадад дэлбэрэлт болж, 200 гаруй хүн гэмтжээ

Өчигдөр Хятадын Гуижоу мужид долоон хүн амиа алдсан дэлбэрэлт гарч, 200 гаруй хүн шархаджээ. Орон нутгийн цагаар 11:30 орчим 70 тонн дэлбэрэх бодис тээвэрлэж явсан хоёр ачааны машин засварын газрын үүдэнд мөргөлдсөнөөс осол гарсан байна. Дэлбэрэлтийн үеэр ойролцоох байшин барилгын цонх хагарч, үр тариа ачсан машин дэлбэрчээ. Гэрчүүдийн мэдээлснээр авто засварын газар юу ч үгүй болж, таван давхар орон сууцны барилга дэлбэрэлтэд өртжээ. Дэлбэрэлтэд өртсөн 200 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 25 хүний амь нас дээсэн дөрөөн дээр байна гэж аврах ажилтнууд мэдээлсэн байна.

"Дэлбэрэх аймшигтай чимээ гарсны дараа би ухаан алдаж унасан” гэж ойролцоох шатахуун түгээх газрын ажилтан 40 настай эмэгтэй эмнэлэгт ухаан орсны дараа ярьсан байна.  Түүнийг толгойдоо дөрвөн оёдол тавиулсан гэж Хятадын Синьхуа агентлаг мэдээлжээ. Фукуань дахь улсын номер эмнэлэг ачааллаа даахгүй болсноос гэмтэж, бэртсэн зарим хүмүүс эмнэлгийн корридорт тавьсан орон дээр хэвтэж байгаа гэнэ. Ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт үргэлжилж байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж