

Монгол Улсын даян аварга А.Сүхбат
-Монголд хамгийн анх үүссэн спортын нэг бол яах аргагүй чөлөөт бөх юм. 50 жилийн түүхэн ойдоо манай баг тамирчид олон сайхан амжилтаар бэлэг барилаа. Ирэх оны олимпод ч гэсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдын амжилтын буухиа үргэлжлэх байх. Чөлөөт бөхийн спортод хайртай, дуртай бүх хүнд 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Чөлөөт бөхөөр хичээллэж байсан үеэ дурсвал?
-Би өөрийн залуу насны 20-иод жилийг энэ спортод зориуллаа. Чөлөөт бөх бол үнэхээр гайхамшигтай спорт. Өнөөдөр /өчигдөр/ нэг үеийн хамт олон, найз нөхөд, багш нартайгаа уулзахад сайхан байна.
Гавьяат тамирчин А.Энхээ
-Их сайхан өдөр болж байна. Үе үеийн дасгалжуулагч, тамирчид болон тэдний арын албаныханд 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Намайг анх чөлөөт бөхөд оруулж өгсөн миний ах А.Тайван болон багш нартаа баярлалаа гэж хэлье. Тэдний хүчинд би өдий зэрэгтэй явж, чөлөөт бөхийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна шүү дээ. Лондоны олимпод Монголын чөлөөтийнхний удаан тасарсан медалийг авна гэдэгт итгэл дүүрэн байна.
-Та хэчнээн жил чөлөөт бөхөд зүтгэв ээ?
-Би одоо 50 настай. Үүнийхээ 25 жилийг чөлөөт бөхтэй холбосон байна. 10 жил улсын шигшээ багт байлаа. Чөлөөт бөхөд зүтгэсний ачаар олон сайхан шавьтай боллоо.
Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар
-Би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог. Чөлөөт бөхийнхөө буянаар энэ зэрэгт яваа юм. Монгол Улсад чөлөөт бөхийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх хүнд баярласнаа илэрхийлье. Монголын чөлөөт бөх цаашид улам ихээр мандан бадрах болтугай. Энэ баярын өдөр олон сайхан найз нөхөд, багш нартайгаа уулзаж байна. Удаан уулзаагүй хүмүүс байна. Тэднийг хараад сэтгэл их хөдөлж байна даа. Сэтгэл хөөрөөд байгаа учраас хэлэх үг олдохгүй юм.
Гавьяат тамирчин З.Дүвчин
-Монголын чөлөөт бөхийн 50 жилийн ойн баяр өргөн дэлгэр, сайхан болж байна. Монголд чөлөөт бөхийг хөгжүүлэхэд миний хувь нэмэр бага ч гэсэн байгаа болов уу. Нөгөөтэйгүүр манай холбоог удирдаж байсан үе үеийн удирдлагууд, багш, дасгалжуулагч нарын хүчинд Монголын чөлөөт бөх өнөөдрийн амжилтыг гаргалаа гэж бодож байна. Энэ завшааныг ашиглаад биднийг үргэлж дэмждэг, чөлөөт бөхөд дуртай хүн бүрт баярын мэнд хүргэе.
-Чөлөөт бөхийн гурван үеийн төлөөллүүд цугласан байна. Тэднийгээ хараад сэтгэл хэр их хөдөлж байна вэ. Ойрын үед бөөнөөрөө уулзсан уу?
-Бөхийн спорт чинь их сонин шүү дээ. Үргэлж ахмадаасаа суралцдаг. Гэтэл 1990 оноос хойш зах зээлд шилжиж, чөлөөт бөхийн тамирчид маань клубын системд шилжсэнээс хойш тэр бүр уулзаж чадахаа больсон. Монголын бахархал болсон тамирчдын ихэнх нь ирсэнд би хувьдаа баяртай байна. Их гоё байна.
Олон улсын хэмжээний мастер Ц.Энхбаяр, Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр
-Монголын чөлөөт бөхийн холбоо 50 жилийн ойн анхаарал татаж байгаа зочдын тоонд ах дүү гурван хөнгөн жингийн тамирчид болох та гурав багтаж байна. Сэтгэгдлээ хуваалцана уу?
-Ц.Хосбаяр: Бид ах дүү гурвуулаа 1982 оноос хойш чөлөөт бөхийн тогоон дотор өдийг хүртэл явж байгаа. Энэ хугацаанд 1991 оны ДАШТ, 1992 оны олимпийн хамгийн хөнгөн жинд оролцож тодорхой амжилт үзүүлж байсан үе маань санагдаж байна. Тэр үе бол бидний хамгийн дурсгалтай мөч байсан юм. Нэг айлын гурван хүүхэд улсын шигшээд багтаад олимп, дэлхийн аваргад хамт явна гэдэг бол ховор завшаан шүү дээ.
-Ц.Энхбаяр: Миний хувьд өчигдөр /уржигдар/ Сэлэнгэ аймгаас ирлээ. Монголын чөлөөт бөхийн 50 жилийн надад үнэхээр сайхан санагдаж байна. Сэтгэл хөдлөөд, баярлаж байгаагаа үгээр хэлэхийн аргагүй байна. Бага нас маань ирсэн юм шиг санагдлаа. Хоёр дүүтэйгээ олимп, дэлхийн аваргад оролцож байсан үеэ дурсаад их сэтгэл хөдөллөө. Монгол Улсын нэрийн өмнөөс гурван жил дараалан дэлхийн аваргад оролцож шагналын оноо авчирч байсандаа баяртай явдаг. Хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч шагналт байранд шалгарсандаа баярладаг. Гурвуулаа дэлхийн дэвжээнд барилдаж байснаараа бахархах сэтгэл төрж байна. Миний хувьд хотод сүүлийн 10 гаруй жил ирсэнгүй. Сэлэнгэ аймагтаа фермерийн аж ахуй эрхлээд л явж байна даа.
-Ц.Цогтбаяр: Хоёр ахынхаа буянаар өдий зэрэгтэй яваадаа баярладаг. Аавыг минь орлодог гурван сайхан ахдаа баярлалаа. Хамгийн гол нь чөлөөт бөхийг 50 жил дэмжиж ирсэн Монголынхоо үнэнч хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа. Монголын хөгжөөн дэмжигч нар бол агуу шүү дээ.
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж
-Та бол чөлөөт бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийн нэг. Тийм учраас энэ баярын өдөр сэтгэгдлээ хуваалцах хүмүүсийн тоонд зүй ёсоор багтах болов уу?
-Баярлалаа. Сүүлийн хоёр жилд Монголын чөлөөт бөхийнхөө тамирчдыг дэмжиж ДАШТ-д оролцлоо. Өнгөрсөн жил 44 жил тасалдаад байсан дэлхийн аваргатай болсон. Харин энэ жил мөнгө, хүрэл медалиуд хүртэж 50 жилийн ойдоо маш том бэлэг барилаа.
МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Бат-Эрдэнэ
-Маш удаан хугацаанд маш их амжилт гаргасан байна. Цаашид ч хийх зүйл их байна. Тийм болохоор энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүнд баярын мэнд хүргэе. Аливаа спортын амжилт байнгын байх ёстой. Нэг удаа амжилт үзүүлээд нэг хэсэг завсарлаж таарахгүй. Тиймээс дараагийн 50 жилийн амжилтаа тогтмол байлгахын тулд бүх чадлаараа ажиллана л гэж хэлмээр байна.
Гавьяат тамирчин С.Батцэцэг
-Чөлөөт бөхөд хамтран зүтгэж байгаа бүх хүнд болон ахмадууддаа баярын мэнд хүргэе. Миний хувьд сэтгэл их өндөр байна. Олон алдартай тамирчидтайгаа уулзаж, тэднийхээ үгийг сонсч, харилцан ярилцах боломж олдож байна. Чөлөөтийнхөө нийт тамирчид болон залуучуудыгаа энэ сайхан оройг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлээрэй гэж хэлмээр байна.
“Спортын шуудан” сонин