“Гал үндэстэн” холбооны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” холбооны хэргийг шүүхэд шилжүүлжээ

Сэлэнгэ аймгийн  Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулж байсан  “Пураам” алтны компанийн текник хэрэгсэл  рүү буудсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 2-ны өдөр гарсан.  Энэ хэрэгт холбогдуулан “Онги гол” хөдөлгөөний тэргүүн  Ц.Мөнхбаяр, н.Отгонбаатар, С.Самбуу, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нар нарын дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгээд  байсан юм. Тэгвэл эдгээр хүмүүст холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Тэднийг эрүүгийн хуулийн 153.2-оор буюу бусдын эд зүйлийг санаатайгаар гэмтээж, устгасан гэх үндэслэлэлээр буруутгаж байгаа  юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогвол  албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх заалттай аж. “Пураам” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэргийг шалгаж байх хугацаанд “Гал үндэстэн” холбооныхон нутаг чөлөөлөхөөр Өвөрхангай аймгийг зорьсон ба энэ үедээ Зүүнбаян-Улаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг алтны компанийн усан бууны генератор руу буудаж, хоёр сар гаруй хугацаанд цагдан хоригдоод, батлан даалтад гарч байв. Тус хөдөлгөөнийхөн “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийж буй үйл ажиллагааг аргагүй хамгаалалт хэрэглэж, таслан зогсоосныхоо төлөө гэмт хэрэгтэн болохгүй ёсгүй” хэмээн хэргийн талаар тайлбар өгдөг. Тийм ч болохоороо нийслэлийн прокурорын газарт хандан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлаар хандаж байсан юм.  


С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж