Фукушимагийн ус хоргүй гэдгийг нотлохыг оролдов

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Фукушимагийн ус хоргүй гэдгийг нотлохыг оролдов

Японы эрх баригчид Фукушима орчмын ус эрүүл мэндэд ямар ч хоргүй гэж мэдэгдэхэд сурвалжлагчид үүнийг батлахыг шаарджээ. Үүний дараа Японы Засгийн газрын төлөөлөгч Ясухиро Сонода хэвлэлийн хурал зарлаж, Фукушимагаас авчирсан уснаас ууж үзүүлсэн гэнэ. Хэвлэлийн хурлыг телевизээр шууд дамжуулжээ. Японы парламентын гишүүн Ясухиро Сонода аягатай усыг уухдаа сандарч, гар нь чичирч байгааг сурвалжлагчид анзаарсан байна. Засгийн газрын төлөөлөгч Ясухиро Сонодагийн уусан усыг Фукушимагийн АЦС-ын цөмийн хоёр реакторын байгууламж дахь усан сангаас авчирсан юм байна. Усыг давхар давхар шүүлтүүрээр шүүсэн гэх боловч иргэдийн айдас арилахгүй байгаа билээ. Хэвлэлийн хурлын үеэр Ясухиро Сонода “Зөвхөн ус уугаад цөмийн аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй. АЦС-ын аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд цаг тухайд нь хүргэж байх нь хамгийн найдвартай арга” гэж ярьсан байна. Японы Засгийн газар Фукушима Даичи АЦС-ын цөмийн аюулыг арилгасан гэж мэдэгдэж, энэ сарын 12-нд тус бүсэд сурвалжлагчдыг очиж, газар дээр нөхцөл байдал ямар байгааг үзэхийг уриалжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Фукушима Даичи АЦС газар хөдлөлт, цунамид сүйдсэнээс хойш сурвалжлагчид анх удаа очих гэж байгаа юм. АЦС-аас гадагш 20 км радиус газарт хөл хорио тогтоож, хэдэн арван мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн билээ.

Инженерүүд Фукушима Даичи АЦС-ын реакторууд доторх ус буцлахгүй болтол хөргөж, унтраахаар ажиллаж байгаа юм. Гэвч цөмийн шинжээчид Фукушима Даичи АЦС-ыг бүрэн аюулгүй болгоход дор хаяж 30 жил шаардагдана гэж үзэж байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж