MҮОНРТ-д төсөв хуваарилахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

MҮОНРТ-д төсөв хуваарилахыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайдын оролцсон хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс асуулт гарсангүй. Харин гишүүн Р.Раш “МҮОНРТ-д төсвөөс өгдөг санхүүгийн дэмжлэг олигтой юм болдоггүй, цалин хөлс нэмж хүрдэггүй гэсэн асуудал тавьдаг. Урсгал зардалд 1,3 тэрбум төгрөг байхад болно гэсэн” гэх санал дэвшүүлсэн юм. Мөн хөрөнгө оруулалтад 7,3 тэрбум төгрөг, нийлээд 8,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн юм байна. Үүнийг сонссон гишүүдээс нэг нь “Юун аймаар юм” гэж дуу алдах сонсогдов. Сангийн сайд С.Баярцогт ч “Нэг удаа нэг байгууллага 8,6 тэрбум төгрөг нэхээд байвал төсөв даахгүй” гэж байлаа. Гэвч Э.Бат-Үүл гишүүн “Сангийн яам байнга төсөв танадаг. Би С.Баярцогтын эсрэг бодолтой байна. Гэхдээ надад улс төрийн зорилго байхгүй. МҮОНРТ-д ийм мөнгө гаргаж өгөлгүй болохгүй. Техник нь хоцрогдсон. Энэ нь Монголын ард түмэнд хохиролтой. 7,3 тэрбум төгрөгөөр техникийн шинэчлэлт хийх шаардлагатай” гэж байлаа. Су.Батболд нарын гишүүд МҮОНРТ-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдгаа илэрхийлж байв. Төрөөс мөнгө авдаг атлаа бөөн реклам болсон, мэдээн дундуур реклам гаргадаг, 1000 гаруй ажилтантай атлаа цөөлдөггүй, дүрс тааруу, мэдээллийг тэнцвэртэй явуулдаггүй. Гэтэл арилжааны телевизүүд цөөн хүнээр 24 цагийн турш МҮОНРТ-ээс илүү чанартай нэвтрүүлэг гаргаж байгааг хэлж байлаа. Гэвч хэлэлцүүлгийн дараа гишүүдийн олонх МҮОНРТ-д 8,6 тэрбум төгрөг баталж өгөхийг дэмжсэн юм. Харин ХБаттулга гишүүний санал болгосон Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын ЗДТГ-ын байрыг засварлах 90 сая төгрөгийг төсвөөс гаргахыг гишүүд дэмжсэнгүй.

Парламентад суудалтай намуудыг төсвөөс санхүүжүүлдэг 3,8 тэрбум төгрөгийг намуудад нь бус, СЕХ-ны төсөвт суулгасан нь ямар учиртай болохыг СЕХ-ны дарга Н.Лувсанжав лавлаж байв. Сангийн сайд СЕХ-ны төсөвт байхад ямар нэг хүндрэл байхгүй, хүндрэл үүсгэлгүй гаргаж өгнө гэсэн амлалт өгч байж үлдээхээр боллоо.

Үүний дараа Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Сангийн сайд СБаярцогтын танилцуулснаар төсвийнхний цалин, өндөр настны тэтгэврийг 2012 онд 53 хувиар нэмнэ. Өмнө нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг хувилж тогтоодог байсан. Харин одоо хоёр үе шаттай арга хэмжээ авахаар болжээ. Эхлээд тус бүр 80 мянган төгрөгөөр нэмнэ. Дараа нь 23 хувиар нэмэх аж. Гэвч Су.Батболд нарын гишүүд “Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын цалинтай уяж гаргасан тогтоол тул дахин авч үзэх шаардлагатай” гэснээр хойшлуулахаар боллоо.

Мөн Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд Төр, орон нутгийн өмчөөр ажил, бараа, үйлчилгээ худалдан авах чиг үүрэгтэй агентлаг байгуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж